монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Виз мэдүүлэх алхамууд

(This article expired 01.05.2015.)

БНЧУ болон Шенгений орнуудад зорчих визийн мэдүүлгийн дэлгэрэнгүйг эндээс авна уу.

Даваа-Пүрэв гарагуудад "C" төрлийн богино хугацааны буюу 90 хүртэл хоногийн визийг 8.00-10.00 цагийн хооронд, "D" төрлийн урт хугацааны буюу 90-ээс дээш хоногийн визийг 8.30-11.30 цагийн хооронд мэдүүлнэ.

1.     Виз гэж юу вэ?

Виз нь хуулийн хүрээнд БНЧУ болон бусад Шенгений гишүүн орнуудад визэнд заасан нөхцөлийн дагуу орох/гарах зөвшөөрөл юм. Өөрийн гадаад паспортоор зорчиж байгаа гадаадын иргэн бүр визтэй байна. Хэрэв 15 нас хүрээгүй гадаадын иргэн өөр гадаадын иргэний паспортонд бичигдсэн тохиолдолд өөрийн тусдаа визтэй байх ба тус гадаадын иргэний паспортонд тэмдэглэнэ.

Өөрийн гадаад паспорт байхгүй, 15 нас хүрээгүй гадаадын иргэн өөр гадаадын иргэний гадаад паспортонд бичигдсэн тохиолдолд өөрийн эцэг/эх асран хүмүүжүүлэгчээр дамжуулан хавсрах баримт бичгийн хамт виз мэдүүлнэ.

Эхнэр нөхөр дундаа гэр бүлийн гадаад паспортоор зорчиж байгаа тохиолдолд мэдүүлж байгаа ангилалын виз олгох нөхцөлийг хангасан хавсрах баримт бичгийн хамт тус тус визийг мэдүүлнэ.

2.     Та ямар төрлийн визээр зорчих гэж байгаагаа тодорхойлох:

  • „C“ төрөл - богино хугацааны буюу 90 хүртэл хоногийн виз (урилга, аялал жуулчлал, биеийн тамир, соёл урлаг, бизнес, сургалт, шинжлэх ухаан судалгааны зорилгоор зэрэг)
  • “D” төрөл- удаан хугацааны буюу 90-ээс дээш хоногийн виз (ажлын, оюутны, гэр бүл нэгдэх, бизнес, эрүүл мэндийн зорилгоор зэрэг)

3.     Визийн мэдүүлэг шийдвэрлэх ЭСЯ

Шенгений визийн мэдүүлгийг шийдвэрлэх эрх бүхий ЭСЯ:  

  1. Таны зорчих гэж буй аяллын эцсийн болон гол зорчих улсын ЭСЯ
  2. Та аяллынхаа ихэнх хугацааг өнгөрөөх гэж буй улсын ЭСЯ болон бусад Шенгений орнуудад ижил хугацаанд байх тохиолдолд эхний хил нэвтрэх улсын ЭСЯ

Тухайн ЭСЯ Таны визийн мэдүүлгийг хүлээн авч шийдвэрлэх эрхгүй тохиолдолд Танд холбогдох ЭСЯ-нд хандахыг зөвлөнө.

4.     Визийн мэдүүлгийн маягтыг бөглөх тухай

„C“ төрлийн визийн мэдүүлгийн маягт болон “D” төрлийн визийн мэдүүлгийн маягтыг тухайн сайтнаас татан авч болохоос гадна ЭСЯ-ны Консулын хэлтсийн ажлын цагаар хүрэлцэн ирж авч болно. „C“ төрлийн визийн мэдүүлгийн маягтыг чех эсвэл англи хэлээр, “D” төрлийн визийн мэдүүлгийн маягтыг зөвхөн чех хэлээр бөглөнө.

Бүрэн гүйцэд бүрдүүлсэн бичиг баримтаа бөглөсөн мэдүүлгийн маягтын хамт визийн мэдүүлэг хүлээн авах цагаар ЭСЯ-нд авч ирнэ. Таны визийн мэдүүлэг болон хавсаргасан баримт бичгийг ЭСЯ-ны Консулын хэлтсийн ажилтан шалгасны дараа визийн хураамжийг ХХБ-ны тодорхой салбаруудаар дамжуулан төлөхийг хүснэ.  

5.     Виз мэдүүлэгч өөрийн биеэр байх тухай

Виз хүсэгч визийн мэдүүлгийг зөвхөн өөрийн биеэр өгөх шаардлагатай.

Хүндэтгэх шалтгааны улмаас ЭСЯ-нд виз хүсэгч нь өөрийн биеэр мэдүүлээгүй тохиолдолд тухайн иргэний итгэмжилсэн этгээд мэдүүлж болно.

Виз хүсэгч 15 нас хүрээгүй тохиолдолд хүүхдийн өмнөөс эцэг/эх, асран хамгаалагч виз мэдүүлж болох бөгөөд виз мэдүүлэх үед хүүхэд өөрийн биеэр байна.

6.     Визийн хураамж төлөх тухай

Хураамжийг ЭСЯ- ны ярилцлаганд орох үедээ бэлнээр еврогоор тушаана.

7.     Урьдчилан ярилцлаганд орох цаг (виз мэдүүлэх өдөр, цаг) авах болон Ярилцлага авах тухай

‘’C’’төрлийн виз болон’’D’’төрлийн виз мэдүүлэх гэж байгаа тохиолдолд www.visapoint.eu гэсэн вэб хуудсанд орж, монгол хэлийг сонгон зааврын дагуу латин үсгээр бөглөнө.

Виз мэдүүлэгч заавал өөрийн биеэр ярилцлаганд оролцоно, насанд хүрээгүй хүүхэд мэдүүлж байгаа тохиолдолд түүний эцэг/эх, болон итгэмжилсэн этгээд ярилцлагыг өгнө.

Насан туршийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд (Program celoživotního vzdělání) сургалтаа явуулдаг улсын болон хувийн сургууль, дамжаанд суралцах зорилгоор урт хугацааны 90-ээс дээш хоногийн виз мэдүүлж байгаа тохиолдолд ОЮУТНЫ гэж бүртгүүлэн виз мэдүүлсний хураамж төлөхгүй. Дурьдсан нөхцлөөс бусад үед визийн хураамжийг төлөх бөгөөд визийг БУСАД гэж бүртгүүлнэ.    

8.     Визийн мэдүүлгэнд хавсарч буй бичиг баримтын орчуулгын тухай

Визийн мэдүүлгэнд монгол хэл дээр хавсарч буй бичиг баримтын чех хэл рүү орчуулсан орчуулгыг Монгол улсад албан ёсоор үйл ажиллага явуулж байгаа орчуулгын товчоогоор эсвэл БНЧУ-д албан ёсны орчуулгын эрх бүхий орчуулагчаар орчуулуулсан байж болно. 

Монгол Улсад суугаа БНЧУ-ын ЭСЯ орчуулгыг хийдэггүй. ЭСЯ нь орчуулгын үнэн зөв эсэхийг баталгаажуулж өгнө.

9. Виз шийдвэрлэх хугацааны тухай

  • „C“ төрлийн виз богино хугацааны 90 хүртэл хоногийн визийг мэдүүлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор
  • “D” төрлийн виз урт хугацааны 90-ээс дээш хоногийн визийг 90-120 хоногийн дотор
  • “D” төрлийн виз урт хугацааны 90-ээс дээш хоногийн ОЮУТНЫ визийг 60 хоногийн дотор
  • байнгын эсвэл урт хугацааны оршин суух зөвшөөрлийн мэдүүлгийг 270 хоногийн дотор