монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

“Худалдааг дэмжих” бас нэгэн төслийг Монголд амжилттай хүлээлгэн өглөө

БНЧУ-ын Үйлдвэр, худалдааны яамны санхүүжилтээр хэрэгжиж буй "Худалдааг дэмжих" төсөл болон бусад хөгжлийн тусламжийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь БНЧУ-аас Улаанбаатар хотод суугаа Элчин сайдын яамны үйл ажиллагааны чухал хэсэг билээ.  2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Эрдэнэ сумын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд "Эрдэнэ сумын мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн дотуур байрыг дулаалах” нэртэй “Худалдааг дэмжих” төслийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ болов.
 

2021 онд Монгол Улсад "Худалдааг дэмжих" 2 төсөл батлагдсан. Эрдэнэ сумын МСҮТ-ийн барилгыг дулаалах ажлыг 62 мянга орчим ам.доллараар санхүүжүүлсэн бол хоёр дахь "Монгол Улсын гурван сумын усан хангамж, бохир ус цэвэрлэх шийдлийг боловсруулах"  төслийг 40 орчим мянган ам.доллараар санхүүжүүлж байна. Төслүүдийн зорилго нь хөгжлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, үүнийхээ үндсэн дээр хоёр талын цаашдын худалдааны харилцааг дэмжихэд оршино.

Дулаалгыг хийснээр Эрдэнэ сумын сургуулийн дотуур байрны халаалтын зардал хэмнэгдэх юм. Ийнхүү түлэх нүүрсний хэмжээ буурч орон нутгийн байгаль орчинд эерэгээр нөлөөлнө. Дулаалгын төслийг хэрэгжүүлсэн Контехин компаний ажлыг өндрөөр үнэлж болно. Төсөл хэрэгжүүлэх явцад хамгийн чухал нь  20 гаруй  ажилчдад дулааны тусгаарлалт хэрхэн хийхийг зааж сургасан явдал юм. Эдгээр ажилчид цаашдаа өөр барилгуудыг дулаалах ижил төстэй төслүүдийг олж Контехин компанитай хамтран арилжааны шугамаар хэрэгжүүлэх  боломжтой.

Барилгын дулаалгын төслийг хүлээлгэн өгөх арга хэмжээнд сургуулийн захирал Ш. Отгонхүү, Эрдэнэ сумын засаг дарга А.Мөнгөнбаяр, барилга хот байгуулалтын сайд Б. Мөнхбаатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Д.Адилбиш, мэргэжилтэн Ж. Цэцэгжаргал нар оролцлоо.

Мөн нээлтийн үеэр БНЧУ-ын Элчин сайдын яамны орлогч сайд инженер Йосеф Костиха хамтран хэрэгжүүлсэн төслийг үнэлж Эрдэнэ сумын мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд амжилт хүсэн, элчин сайдын яамны зүгээс дараа дараачийн хөгжлийн болон арилжааны төслүүд дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэн үг хэлэв.  Тэрээр тус төслийн үндсэн дээр тухайн чиглэлээр цаашдын худалдааны хамтын ажиллагаа хөгжинө хэмээн төсөөлж байгаагаа дурьдав.

Эрдэнэ сумын сургууль дээр БНЧУ-аас сүү боловсруулах, мах бэлтгэх болон  цэцэрлэгжүүлэлтийн жижиг оврын тоног төхөөрөмж нийлүүлэн хэд хэдэн орон нутгийн төслүүдийг хэрэгжүүлсэн билээ. Ийнхүү тус сургууль дээр "Чехийн технологийн төв" бий болж сонирхсон хүмүүс  тэдгээр чехийн жишиг төслүүдтэй нэг дор танилцах боломжтой болсон юм.

 

Элчин сайдын орлогч инженер Йосеф Костиха

Бүгд Найрамдах Чех Улсаас Улаанбаатарт суугаа Элчин Сайдын Яам