монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ
Article notification Print Decrease font size Increase font size

2023 онд хэрэгжүүлэх орон нутгийн жижиг төслийн санал ирүүлэхийг урьж байна

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас БНЧУ-ын хөгжлийн албан ёсны тусламжаар санхүүжүүлэх орон нутгийн жижиг төсөлд санал оруулах уриалга гаргаж байна.

Орон нутгийн жижиг төсөл (ОНЖТ) нь БНЧУ-ын хөгжлийн хамтын ажиллагааны нэгээхэн хэсэг юм.  Төслийг Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яамдуудаас (боломжит хэрэгжүүлэгчдээс ирүүлсэн өргөдлийн дагуу) тодотгол хийн өгч, Гадаад хэргийн яам (ГХЯ) нь баталдаг. Төслийн зорилго нь хэрэгжих тухайн улсын үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан байх, орон нутгийн байгууллагуудын жижиг хэмжээний бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд хувь нэмэр оруулахад орших юм.

БНЧУ-ын дэмжлэгтэй орон нутгийн жижиг төсөл нь хөгжлийн үр өгөөж авчрахаас гадна тухайн улсад Чех улсыг таниулахад хувь нэмэр оруулах ёстой. Орон нутгийн хөгжлийг дэмжих, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, ядуурлыг арилгах, боловсролын хүртээмжийг сайжруулах, хөдөө орон нутгийн иргэдийн боловсролыг дэмжих, байгаль орчныг хамгаалах, нийгэм дэх эмэгтэйчүүдийн байр суурийг нэмэгдүүлэх, угсаатны болон шашны бүлгүүдийн  нийгмийн тэгш байдлыг дэмжих зэрэг олон төслүүдийг дэмжих боломжтой. Шийдвэрлэх нөхцлүүдийн нэг нь төслийн тогтвортой байдал бөгөөд энэ нь төслийн үйл ажиллагаа цаашид санхүүгийн нэмэлт дэмжлэггүйгээр үргэлжлэх боломжтой байна гэсэн үг юм.

ОРОН НУТГИЙН ЖИЖИГ ТӨСӨЛД ХЭН САНАЛ ОРУУЛАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Санхүүжилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжих төслүүдэд зориулагдсан. ОНЖТ-ийн хэрэгжүүлэгч нь Монгол Улсын хуулийн этгээд байна. Хэрэгжүүлэгч нь Чехийн хууль тогтоомж, Чехийн шүүхийн харьяалалд хамаарах Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн яамтай гэрээ байгуулах эрхтэй байх ёстой. ОНЖТ-ийг хэрэгжүүлэгч нь боловсрол, эрүүл мэнд, нийгэм, соёлын байгууллага, төрийн бус, ашгийн бус байгууллага, хоршоо, нутаг дэвсгэрийн засаг захиргааны нэгж гэх мэт байж болно. ОНЖТ-ийг хэрэгжүүлэгч нь төрийн захиргааны төв байгууллага, улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөн, хувь хүн байж болохгүй.

ХЭРЭГЖИЛТ, ТӨСӨВ, БОЛОМЖИТ САНХҮҮЖИЛТ

Төсөл нь гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс (ойролцоогоор 2023 оны гуравдугаар сар) 2023 оны аравдугаар сарыг дуустал хэрэгжих ёстой. Төслийн материаллаг бүтээгдэхүүнүүд дээр Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны логог наасан байна. Төслийн биет бус үйл ажиллагааны хувьд Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны санхүүгийн дэмжлэгийг байнга дурдах шаардлагатай.

ОНЖТ-д оруулах санхүүжилтийн хэмжээ 200,000-500,000 крон (ойролцоогоор 20,000 евро хүртэл) байна. Бусад эх үүсвэрээс хамтран санхүүжүүлэх шаардлагагүй боловч тодорхой хэмжээгээр байвал давуу тал болно.

Төсөл нь үр ашигтай, хэмнэлттэй, үр дүнтэй байх ёстой тул бүх төлбөрийг баримтаар баталгаажуулах ёстой. Урамшуулал, томилолтын зардал, байр, замын зардал, даатгал, вакцинжуулалтын зардлын нийлбэр нь  төслийн нийт зардлын 25 хувиас хэтрэхгүй байна.

Хэрэгжүүлэгчийн захиргааны зардлыг төсөвт тусгахгүй.

Нэг байгууллага хэд хэдэн төсөлд санал оруулах хүсэлт гаргаж болох боловч тэдгээрийн зөвхөн нэг төслийг Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас дэмжих боломжтой.

ОРОН НУТГИЙН ЖИЖИГ ТӨСӨЛД ХЭРХЭН САНХҮҮЖИЛТ ХҮСЭХ ВЭ?

Орон нутгийн жижиг төсөлд санхүүжилт хүсэх өргөдөл нь дараах зүйлийг агуулсан байх ёстой. Үүнд:

  • Төслийн маягтыг англи хэлээр бөглөж, байгууллагын тамга, гарын үсгээр баталгаажуулсан байна. "Орон нутгийн мөнгөн тэмдэгт" гэсэн нүдэнд ам.доллар эсвэл еврогийн дүнг зааж харин Чех кроноор бөглөхөд зориулагдсан бүх нүдийг хоосон хэвээр үлдээх бөгөөд түүнийг Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам тухайн үеийн ханшийн дагуу бөглөнө;
  • Өргөдөл гаргагч нь хуулийн этгээд (албан ёсоор бүртгэгдсэн) болохыг баталгаажуулсан баримт бичгийн баталгаажуулсан хуулбар (англи хэлээр үйлдсэн эсвэл англи хэл рүү орчуулсан);
  • Төслийн санал оруулах маягт дээр гарын үсэг зурсан этгээд нь санхүүжилт хүссэн байгууллагын нэрийн өмнөөс ажиллах эрхтэй болохыг чех эсвэл англи хэлээр баталгаажуулсан тодорхойлолт;
  • Өргөдлийг 2022 оны аравдугаар сарын 3-ны дотор Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны доорх хаягаар цаасан хэлбэрээр ирүүлнэ.

Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам /ОНЖТ 2023/

Элчингийн гудамж 9 (Скай Плазагийн барилга)

Монгол Улс

Өргөдөл (маягт)-ийг шуудан болон шуудангийн үйлчилгээгээр явуулахын өмнө PDF, Excel файл хэлбэрээр сканнердаж ulaanbaatar@embassy.mzv.cz, болон  amarsaikhan_batsaikhan@mzv.cz хаягууд руу цахимаар илгээнэ.

ЧУХАЛ ОГНОО

Улаанбаатар дахь БНЧУ-ын Элчин сайдын яаманд орон нутгийн жижиг төслийн санхүүжилт хүссэн бүх өргөдлийг хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны аравдугаар сарын 3-ны өдөр

Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн яамнаас зөвшөөрч дэмжсэн төслийн хэрэгжүүлэгчтэй Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам 2023 оны гуравдугаар сарын 31-ний дотор төсөл хэрэгжүүлэх тухай холбогдох гэрээнд гарын үсэг зурна.

Орон нутгийн жижиг төслийг 2023 оны аравдугаар сар гэхэд хэрэгжүүлж дуусгах ёстой.

Санхүүгийн бүх бичиг баримт, тооцоог 2023 оны аравдугаар сарын 15-ны дотор Бүгд Найрамдах Чех Улсын ЭСЯ-нд хүргүүлсэн байна.

Эцсийн тайлан, баталгаажуулсан гэрэл зургийн материалыг 2023 оны арван нэгдүгээр сарын 15-ны дотор Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яаманд хүргүүлнэ.

Асууж тодруулах зүйл байвал ulaanbaatar@embassy.mzv.cz хаягаар илгээж болно.

Бүх харилцаа, холбоо цахим хэлбэрээр явагдах шаардлагатай.

Attachments

Төслийн маягт 71 KB XLS (Excel document) Sep 9, 2022