монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Чехийн "Худалдааг дэмжих" төсөл Монгол Улсад амжилттай хэрэгжиж байна

Бүгд Найрамдах Чех Улс нь Монгол Улсыг ​ "Худалдааг дэмжих" бие даасан төслийн чиглэлээр урт хугацаанд дэмжиж ирсэн. Төслийг хариуцагч, хөрөнгө оруулагч нь чехийн Үйлдвэр худалдааны яам бөгөөд Улаанбаатарт суугаа Чехийн Элчин сайдын яамны идэвхтэй дэмжлэгтэйгээр хэрэгжүүлдэг. Төслийн зорилго нь  Чехийн компаниудын орон нутгийн  зах зээл дэх урт хугацааны үйл ажиллагааг дэмжих, бүтээгдхүүн үйлчилгэгээ санал болгож буй компаниуд болон орон нутгийн үйлчлүүлэгчдийн хооронд тогтвортой харилцаа, холбоо тогтооход оршино.

Элчин сайдын яам нь үйлчлүүлэгчидтэйгээ ойр байж төсөлтэй уялдуулан арилжааны стандарт үйл ажиллагааг эхлүүлэхийг хичээж ажилладаг . "Худалдааг дэмжих" төслийн зарчим нь Чехийн компаниудын орон нутгийн, энэ тохиолдолд Монголын зах зээлд оролцох орчин үеийн чиг хандлагыг дэмжих явдал юм.

2021онд Чехийн Үйлдвэр, худалдааны яам дэлхий даяар зөвхөн 10 төслийг хэрэгжүүлэхээр сонгосон бөгөөд тэдгээрийн хоёр нь Монгол Улсад зориулагджээ.

Эрдэнэ сумын мэргэжлийн боловсролын сургуулиас санал оруулсан "Барилгыг дулаалж эрчим хүчийг хэмнэх ноу-хауг нэвтрүүлэх нь" төсөл юм. Ханган нийлүүлэгчээр  Контехин групп сонгогдсон бөгөөд төслийн өртөг нь 1,382,658 CZK (ойролцоогоор 182 сая төгрөг). Тус төслийн хүрээнд хоёр үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх болно. Үүнд:

- Төв аймгийн Эрдэнэ сумын мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутны дотуур байрны дулааалга хийх (1064 м2), мөн монгол ажилчид нь Чехэд сургалтанд хамрагдан туршлага судлах юм. Барилгын дулаалгын технологи, ноу-хаутай танилцах зорилгоор 2021 оны 6-р сард зургаан ажилтан Чех улс руу очиж  Контехин группээр зочилно.

- Дараа нь 2021 оны 7-р сарын эхээр Чехийн хоёр мэргэжилтэн Монголд ирж, сургуулийн барилгын дулаалгын ажилд хяналт тавина. Төлөвлөгөөний дагуу барилгын дулаалгын ажлыг гурван үе шаттайгаар  0 ° С-ээс дээш температурт хийх ёстой. Монголын ЗАГ групп барилгын засвар хийх шатыг үнэ төлбөргүй хэрэглүүлэхээс гадна дулаан тусгаарлагч суурилуулахад оролцох юм. Мөн түүнчлэн барилгын материалын дотоодын үйлдвэрлэгч "Пирамид индастри" компани нь шаардагдах стандартын дагуу чанартай полистиролыг нийлүүлэх болно. Материалыг тээвэрлэх, болон гаалийн татварын зардлыг Монгол Улсын Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам хариуцаж гаргах юм.

Брногийн Геотест ХХК "Монгол Улсын гурван сумын усан хангамж, бохир ус цэвэрлэх шийдлийг боловсруулах" төслийн хэрэгжүүлэгчээр шалгарсан байна. Энэхүү саналыг Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам ирүүлсэн бөгөөд төслийн өртөг нь 795,950 крон (ойролцоогоор 105 сая төгрөг) юм.

Төслийн зорилго нь усан хангамж, ариутгах татуургын дэд бүтцийг барьж байгуулах, хөгжүүлэх чиглэлээр Монголын талд туслах явдал юм. Дараах ажлуудыг хийж гүйцэтгэснээр төсөл үр өгөөжөө өгөх юм:

- Төслийн хүрээнд хоёр чех мэргэжилтэн Монгол улсад ирж санал болгож буй газруудын нөхцөл байдалтай танилцаж, асуудалтай байршлыг болон бусад зүйлсийг  тодорхойлно. Барилга, хот байгуулалтын яамнаас Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Хөвсгөл аймгийн Баянзүрх, Говь-Алтай аймгийн Алтай сумдуудыг сонгосон;

- мэргэжилтнүүд сонгогдсон орон нутагт технологийн шийдлийг санал болгож, гурван ТЭЗҮ боловсруулна;

- Чехийн тал энэ сэдвээр Монголын Барилга, хот байгуулалтын яам, сонгогдсон сумдын төлөөлөгчид, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллүүдэд танилцуулга зохион байгуулна. Чехийн мэргэжилтнүүдийн хэрэгжүүлэх төсөл нь Монголын болон Чехийн аль алинд нь харилцан ашигтай болно гэж хэлж болно.

"Барилгыг дулаалж эрчим хүчийг хэмнэх ноу-хауг нэвтрүүлэх нь" төслийн хүрээнд дараах үр дүнг хүлээж байна.Үүнд:

 - дулаалга нь чанарын шаардлага хангасан, удаан эдэлгээтэй байх чехийн технологийг дотоодын компаниудад танилцуулна;

- Барилгын мэргэжлээр хичээл заадаг Эрдэнэ сумын мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийг төсөлд хамруулахаар сонгон авсан. Тус сургууль цаашдаа чехийн технологи, чех барилгын материал ашиглах ирээдүйн барилгын техникч, ажилчдыг бэлтгэх сургалтын төв болох боломжтой.

- сургуулийн оюутнууд халуун дулаан орчинд амьдрах болно. Урьд нь их дулаан алдаж байсан нь тэдэнд ая тухтай амьдарч, сурч боловсрох боломжийг олгохгүй байв. Одоогийн байдлаар сард 75 орчим тонн хар нүүрсийг сургуулийн халаалтанд зарцуулдаг байна. Дулаалга хийснээр хэрэглээ нь багасаж, хүрээлэн буй орчныг сайжруулах болно;

- Барилгыг дулаалах үеэр мэргэжилтнүүд болон олон нийтэд зориулан Чехийн технологи, Чехийн барилгын материалын талаар сургалт, семинар зохион байгуулах бөгөөд ингэснээр Чехээс нийлүүлсэн бүтээгдхүүнийг сурталчлах боломжийг олгоно.

"Монгол Улсын гурван сумын усан хангамж, бохир ус цэвэрлэх шийдлийг боловсруулах" хоёр дахь төслийн хувьд дараах үр өгөөжийг хүлээж байна. Үүнд:

- бохир ус цэвэрлэх чиглэлээр Чех улс сайн “ноу-хау”-тай болохоо монгол түншүүддээ санал болгоно;

 - Чехийн хувьд төсөл нь өөрсдийн технологио сурталчлах боломжтой болно. Мөн түүнчлэн төслийг хэрэгжүүлснээр бусад ижил төстэй нийлүүлэлтийг арилжааны шугамаар хийх боломж нээгдэнэ гэж үзэж байна.

Дээр дурьдагдсан "Худалдааг дэмжих" төсөл хоёулаа амжилттай үргэлжилж байна. Элчин сайдын яамны орон нутгийн орчны талаархи мэдлэг, орон нутгийн баталгаатай түншүүд, тухайлбал Чех-Монголын Худалдааны Танхим, түүнчлэн хэрэгжүүлэгчдийн орон нутгийн нөхцөл байдлын талаарх мэдлэг зэрэг нь төслийн сонголт, бэлтгэл ажил, хэрэгжилтэнд ихээхэн хувь нэмэртэй байгаа билээ. Тус төслүүдийг хэрэгжүүлснээр БНЧУ-аас Монгол Улсад удаан хугацаанд олгож ирсэн хөгжлийн хамтын ажиллагааны төслийн бас нэг үр ашигтай төслийн жишээ болох юм.

Йосеф Костиха, элчин сайдын орлогч

БНЧУ-ын ЭСЯ, 2021оны 6 сарын 2