монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Сметанагийн нэрэмжит төгөлдөр хуурын тэмцээн Монголд 4 дэх удаагаа

Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам Монгол улсын Консерватори болон хувийн хөгжим бүжгийн Шикулка сургуультай хамтран 4 дэх удаагаа Сметанагийн нэрэмжит төгөлдөр хуурын тэмцээнийг зохион байгууллаа. Уралдааны ялагчид 2021 оны 4 дүгээр сарын 19-24-ний хооронд Плзень хотод болох олон улсын уралдаанд оролцох юм.
 

Энэ жил COVID-тэй холбоотой хязгаарлалт, хөл хорионы улмаас оролцогчид өөрсдийн үзүүлбэрийг видео бичлэгээр дамжуулан илгээсэн бөгөөд 6-18 хүртэлх насны 50 гаруй уран бүтээлчид Монголоос мөн АНУ-д амьдардаг монгол диаспораас ирүүлсэн билээ. Ялагчдыг 9-р сарын 12-ны өдөр Монгол Улсын Консерваторид БНЧУ-аас Монгол Улсад  суугаа Элчин сайд Ийржи Бродский, гэргий мөн тус яамны Консул Вацлав Добеш, Шикулка сургуулийн үүсгэн байгуулагч, уралдааны зохион байгуулагч, төгөлдөр хуурч Тунсагийн Цолмон, Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн сургуулийн захирал хатагтай Гэрэлийн Ганчимэг нар зарласан юм. Шүүгчдийн багт Плзень хотын Консерваторийн захирал ноён Мирослав Брэеха багтсан ба гол шагналын эзнээр 15 настай Хосбаярын Хүслэн /Сметанагийн концертын этюд „Далайн эрэг дээр“ буюу Concert Etude - On the Seashore/ тодорсон юм. Тэрээр өнгөрсөн жилийн БНЧУ-ын Үндэсний баярын хүрээнд зохион байгуулагдсан хүлээн авалтад уригдсан зочдыг өөрийн тоглолтоор байлдан дагуулсан билээ.

Чехословак Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан уг уралдаан нь хэвлэл мэдээллийнхний сонирхлыг ихэд татсан ба Элчин сайдын яам олон нийтийн дипломацид зориулагдсан хөрөнгөөс энэ жилийн тэмцээн болон Чехийн сонгодог хөгжмийн талаарх баримтат киног бүтээх ажлыг ийнхүү дэмжсэн юм.