монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Velvyslanectví České republiky v Mongolsku
Article notification Print Decrease font size Increase font size

Элчин сайд "МҮОНР" телевизд ярилцлага өглөө

БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский МҮОНР телевизд 2018 оны 4-р сарын 30-ны өдөр ярилцлага өглөө

1. Оройн мэнд хүргэе үзэгчдээ, Монголын мэдээ сувгийн өнөөдрийн онцлох зочиноор бид Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродскийтай ярилцлах болно. Танд оройн мэнд хүргэе.

Танд бас энэ өдрийн мэндийг хүргэе, телевиздээ урьж оролцуулж байгаад талархал илэрхийлье.

2. Энэ удаагийн ярилцах сэдвийн эхний асуулт бол БНЧУ виз мэдүүлэх горимдоо өөрчлөлт оруулсан гэсэн. Ямар өөрчлөлтүүд орсон юм бэ?

Юуны түрүүнд манай хоёр улс маш ойрхон, нягт онцгой харилцаа холбоотой улс гэдгийг хэлмээр байна. Үүнийг БНЧУ-ын Засгийн газар, чех ажил олгогчид Монгол Улсаас ажилчин авах ихээхэн хүсэл сонирхолтой байгаа мөн түүнчлэн Монгол Улсын иргэд чех улсад ажил хөдөлмөр эрхлэх маш их эрэлт хэрэгцээг харгалзан үзэж энэхүү горимыг нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн явдал харуулж байна.  Өнгөрсөн жил чехийн байгууллага Монгол Улсаас нийт 724 ажил эрхлэлтийн картын өргөдөл хүлээн авсан бол Монгол Улсад зориулсан тус горимоор дамжуулан энэ жил хоёр дахин ихийг хүлээн авах боломжийг бүрдүүлж байгаа юм. Энэ нь  тус горимын хүрээнд Монгол Улсаас ажил эрхлэлтийн картаар нэг жилд 1000 ш өргөдлийг хүлээн авна гэсэн үг юм. Элчин сайдын яам өргөдлийг хүлээн авах хэдийч өргөдлийн ярилцлагын товыг ажил олгогч нь олгох болно.

3. Ойролцоогоор МУ-аас жилд хэдэн мэргэшсэн ажилтан авна гэсэн үг вэ?

Энэхүү горимын дагуу Монгол Улсаас жилдээ 1000 ш өргөдлийг хүлээн авна. Гэхдээ Элчин сайдын яам ажил эрхлэх зорилгоор ярилцлагын товыг утсаар олгох бүртгэлийн системээ давхар хэвээр нь үлдээнэ. Тэгэхээр ойролцоогоор нэмж 500 орчим иргэдэд ажил эрхлэх зорилгоор ярилцлагын тов авах бүртгэлээ утсаар хийлгэн, өргөдлөө өгөх боломжтой болно хэмээн бид таамаглаж байгаа юм.

4. Чехийн тал яг ийм ийм мэргэшсэн ажилтан авна гэсэн зүйл зааж өгсөн уу?

БНЧУ-ын засгийн газар болон чехийн компаниуд Монгол Улсын иргэдтэй - ажилчидтай маш их эерэг туршлага хуримтлуулсан байгаа. Тэд маш үнэнч, ухамсартай, гарын эв дүйтэй. Хэрвээ Та БНЧУ-д оршин суудаг гадаадын иргэдийн статистик тоо судалгааг харвал цагдаагийн газрын тоо баримтад Монгол улсын иргэд гэмт хэрэг хийсэн хүмүүсийн тоонд байдаггүй.          

5. Би Таны ярианаас чехэд ажиллахаар виз мэдүүлэх хүний тоо эрс нэмэгдэнэ гэж ойлголоо. Зөв үү?

Тийм, Та зөв ойлгосон байна. 1 жилд хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Та түрүүнд ямар мэргэжлийн болон тэдгээр ажилчид ямар чиглэлийнх байх талаар асууж байсан. Энэ тал дээр бол маш энгийн, Монгол Улсын иргэдийн сайн эзэмшсэн мэргэжлийн чиглэлүүд болох хүнс, хөдөө аж ахуй, мах махан бүтээгдэхүүн боловсруулах гэх мэт орно.

6. Ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүй, саад төвөггүй хүлээн авах тэр боломжийг ЭСЯ-ны зүгээс хэрхэн бүрдүүлж байгаа вэ?

Хүмүүст хүндрэл бэрхшээл учруулахгүй байх нь дийлэнх өргөдөл гаргагчид ярилцлагын тов авахын тулд ЭСЯ-руу утсаар залгах шаардлагагүй болно. Харин тэд энэхүү горимд хамрагдаж байгаа чехийн компаниуд руу шууд хандах бөгөөд тус чехийн компаниуд ажиллуулах хүнээ жагсаалтандаа оруулж түүнийгээ БНЧУ-ын Гадаад хэргийн яамаар дамжуулан Элчин сайдын яаманд хүргүүлэх болно. Түүний үндсэн дээр Элчин сайдын яам чех ажил олгогчдод ажиллахаар хүсэлт гаргасан монгол иргэдэд өргөдлөө өгөх ярилцлагын товын мэдээллийг хүргүүлнэ. Иймд Элчин сайдын яамтай ямар нэгэн утсан харилцаа хийх шаардлагагүй болно. Ингэснээр хуурамч зуучлагчдад хууль бусаар наймаалцах орон зай, боломжийг нь маш ихээр хязгаарлаж байгаа болно. 

7. Энэ процедур ямар хугацаанд үргэлжлэх вэ? Тухайлбал: визийн материал хүлээн авлаа, чехийн команид зуучиллаа, хариу ирэх хүртэл хэр удаан хугацаа шаардагдах вэ?

Бидний таамаглалаар ойролцоогоор хагас жил болно. Тухайн хагас жилийн хугацаанд өргөдөл гаргагч монгол иргэд чех улс руу зорчих бэлтгэлээ хангаж, ядаж чех хэлний анхан шатны мэдлэг эзэмшин, чех орны талаар судалсан байна хэмээн итгэж байна.  

8. Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Шенгений орнуудад зорчих виз гаргах болсонтой холбогдуулан виз мэдүүлэхэд хүндрэл үүсч байгаа гэж манай иргэд маш их гомдол гаргадаг? Тухайлбал ярилцлагын тов авахад нэг дугаар байдаг, тус дугаарыг огт авдаггүй гэх юм. Та энэ тал дээр ямар тайлбар хийх вэ?

Бидний өргөдөл хүлээж авах хүчин чадлаас давсан олон тооны тэдгээр виз мэдүүлэгчдийн гаргаж буй гомдлыг би ойлгож байна. Бид шенгений виз мэдүүлэгчдэд тусгай дугаараар залгаж ярилцлагын цаг авах боломжийг олгох систем нэвтрүүлсэн. Тус дуудлагын яриаг хянаж,  бичлэг хийн Гадаад хэргийн яам руугаа шалгуулахаар илгээдэг бөгөөд тэр бичлэг 3 жил архивт хадгалагддаг болно.  Энэ бүртгэл нь бидний харж байгаагаар бол боломжийн бөгөөд виз авахыг хүсч буй хэн ч гэсэн холбогдсон тохиолдолд чөлөөтэй ярилцлагын тов авах боломжтой юм. Мэдээж хэрэг хүн бүхэн холбогдох боломжгүй гэдгийг бид ойлгож байна. Иймээс бид энэ оны сүүлээр Визийн төв нээж ажиллуулах шинэ системийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хийж байна. Тус төв нь шенгений виз хүсч буй монгол иргэд зөвхөн Элчин сайдын яаманд мэдүүлэхээр хязгаарлагдахгүйгээр визээ мэдүүлэх боломжийг олгох юм. Ийнхүү бид нөхцлийг сайжруулахыг хүсч байгаа бөгөөд үүний тулд тэвчээр хэрэгтэй. Зүйрлүүлж хэлэхэд 1 урсгалтай зам дээр маш олон машин байна гээд нэг хоёр хоногийн дотор тухайн замыг өргөжүүлэх боломжгүй шүү дээ.  Тодорхой цаг хугацаа шаардлагатай.

9. Зарим хүмүүс би 200 удаа 300 удаа утасдсан, хэзээ ч утсаа авахгүй байна лээ гэдэг?

Орж ирж байгаа дуудлага бүрийг бид авдаг. Бичлэг хийгддэг гэж би хэлсэн. Би өөрөө Баасан гараг бүр биечлэн орж шалгалт хийдэг бөгөөд хэзээ ч дуудлага авахгүй тохиолдол байхгүй. Хэрвээ дуудаад авахгүй байгаа гэж байгаа бол тэр гомдлоо монголын цахилгаан холбоонд гаргах хэрэгтэй.  

10. Элчин сайд Танд ийм асуулт тавьж байгаадаа эмзэглэж байна. Чехийн визийг мэдүүлж өгнө, дугаарт нь холбож өгнө гэх асуудлаар хүмүүсээс хууль бусаар мөнгө авсан гэх гомдол гаргадаг. Та энэ талаар мэдэж байгаа юу?

Энэ асуудлын талаар бид мэднэ. Гадаад харилцааны яамны Консулын газар болон монголын цагдаагийн газартай хамтран шийдэхээр маш идэвхтэй  ажиллаж байгаа. Яагаад гэвэл эдгээр үйлчилгээг санал болгож буй хэн ч бай хууль бус үйлдэл хийж байгаа бөгөөд Элчин сайдын яамны сайн нэр хүндэд халдаж байгаа юм. Мөн тэдний үйлчилгээг авч төлбөр төлж байгаа хүн хамсаатан болж байгаа бөгөөд тэд ч бас цагдаад мэдэгдэх хэрэгтэй.        

11. Зарим хүмүүсийн бидэнд өгсөн албан бус мэдээллээр Чехийн Элчин сайдын яаманд ажиллаж байгаа зарим ажилтанууд үүнд бас холбоотой гэж яригддаг юм байна лээ. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

Надад энэ талаар мэдэх юм алга. Гэхдээ миний хамтран ажиллагсад маш сайн хяналтан дор ажилладаг бөгөөд хэрэв ийм зүйлд хутгалдвал маргааш нь ажилгүй болно гэдгээ маш сайн мэдэж байгаа.

12. Та виз мэдүүлэх төв шинээр ашиглалтанд орно гэж ярьсан. Ингэснээр виз мэдүүлэх хүмүүст ямар технологийн дэвшил эсвэл үйл ажиллагаанд хөнгөвчлөгдөх вэ?

Би өмнөх асуултанд нэг  өгүүлбэр нэмж хэлмээр байна. Элчин сайдын яамны ажилтнуудын хувьд хэн нь ч гэсэн, хэн хэзээ тэр дугаар луу залгаж буйд нөлөөлөх ямар ч техникийн боломж байхгүй. Тэг боломжтой гэж хэлмээр байна.

Шинэ визийн төвийн хувьд илүү олон тооны хүнд шенгений визийн өргөдөл өгөх боломжийг олгохоос гадна чехийн элчин одоо 7 хоногт хүлээн авч буй 54 шенгений визийн өргөдлөө хэвээр нь хүлээн авах юм. Шенгений виз өөрийн гэсэн дүрэм журамтай. Түүнд өөрчлөлт орохгүй.

13. Сард ойролцоогоор манай иргэдийн зүгээс Шенгений орнууд руу эсвэл Чех улс руу зорчих хүсэлтэй байгаа иргэдийн тоо хэд байдаг вэ?

Шенгений визийн хувьд 7 хоногт 54 өргөдөл хүлээж авдаг. Өнгөрсөн жил гэхэд л бид 3000 гаруй Шенгений виз, 724 ажил эрхлэлтийн карт олгосон бөгөөд энэ жил 1500 орчмыг олгох байх гэж таамаглаж байгаа. 

14. Өнөөдрийн байдлаар чехийн Элчин сайдын яам Шенгений хэдэн орны зорчих визийг дарж байгаа вэ?

Чехээс гадна 5 Шенгений улс руу зорчих визйин өргөдлийг хүлээн авч төлөөлөн ажилладаг.

15. Визийн хураамжийг Та хэд өөрсдөө тогтоодог уу? Төвөөс тогтоосон журмын дагуу.

Түүнийг бид тогтоодоггүй харин Шенгений визийн кодексоор тогтоосон байдаг.

16. Та ойролцоогоор цаг хугацаа хэлж чадах уу? Тухайлбал энэ төвийн нээгдэх огноог?

Одоо удахгүй зарлагдахаар бэлтгэгдэж байгаа концессийн сонгон шалгаруулалт хэзээ дуусахаас шалтгаална. Оны эцсээр нээхэд бүх юм нь бэлэн болохоор шийдэгдэх байх гэж итгэж байгаа. Уул нь энэ төв энэ жилийн эхээр нээгдэх байсан боловч сонгон шалгаруулалтанд оролцсон нэг компани заргалдсаны улмаас бүх юм хойшлогдсон. Бид ардчилсан улс бөгөөд манайд тэдгээрийн өрсөлдөөнийг шалгах бие даасан хамааралгүй байгууллагууд байгаа. 

17. Би Таны ярианаас энэ төв ашиглалтанд ортол виз мэдүүлэх журам хуучин мөрдөгдөж байгаагаараа явагдана гэж ойлоглоо. Энэ зөв үү?

Тиймээ тухайн төвийг нээх хүртэл хуучин журам өөрчлөгдөхгүй. Тэгэхээр утсаар цагаа авдаг хэвээрээ байна. Энэ талаар Элчин сайдын яам шийдвэрлэдэггүй бөгөөд чехийн Засгийн газар шийдвэрлэдэг. Тус системийг дэлхийн улс орнуудад суугаа 52 Элчин сайдын яам мөрдөж байна.

18. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас аль эсвэл Бүгд Найрамдах Солонгос Улсаас, Америкын Нэгдсэн Улсаас Монгол Улсад ажиллаж байгаа Элчин сайдын яамдад виз мэдүүлж байгаа байдлыг хөндлөнгөөс ажиглахад харьцангүй ил тод, шуурхай юм шиг санагдаад байдаг. Яг бусад орнуудын хэрэглэж байгаа энэ аргуудыг Монгол Улсад хэрэглэх боломж байдаг юм болов уу?

Виз олгох асуудал автомашины уралдаан биш гэж хэлмээр байна. Америк болон Өмнөд Солонгостой харьцуулж ярьмааргүй байна. Яагаад гэвэл тэд шенгений орон биш. Бид аль болох системээ эрх мэдлийнхээ хүрээнд хялбарчлахын төлөө ажиллаж байна. Чех улс,  Монгол болон бусад  аль ч эрх мэдэлт орнуудын адилаар гадаадаас хичнээн хүн авах вэ гэсэн өөрийн бодлоготой. Бүх юм тэнцвэрт харьцаатай байх ёстой. Манайд хандаж байгаа хүмүүсийн виз мэдүүлэх процесс удаан гэдэгтэй би санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл Баасан гарагт утсаар бүртгэл хийж, ирэх долоо хоногт нь багтаан визийн өргөдлүүдийг нь хүлээн авдаг. Тэгээд ихэвчлэн ажлын 5 хоногт багтаан хариуг нь олгодог болно. Үүнийг муу гэж хэлэхгүй.

19. Энэ оны сүүлээр ашиглалтанд орох тэр төв маань технологийн ямар шинэ дэвшилүүдийг ашиглах вэ ?

Та Солонгосын талаар ярьсан. Ерөнхийдөө тэдний адил төстэй процессээр тендерт шалгарсан хувийн компани Элчин сайдын яамны өмнөөс иргэдийн шенгений визийн материалыг хүлээн авч Элчин сайдын яаманд дамжуулан өгөх бөгөөд тэдгээр материалыг Элчин сайдын яам шалгаж төв байгууллага руугаа илгээх юм. Энэ нь үндсэндээ шенгений виз мэдүүлэгчдэд өргөн хүрээтэйгээр мэдүүлэх үүд хаалгыг нээж өгч байгаа юм.

20. Чехэд дундаж сарын цалин ойролцоогоор хэд байдаг вэ?

26000 чех крон.

21. Манай мөнгөөр хэд гэсэн үг үү?

2 600 000 төгрөг

22. Ямар мэргэжилтэй ажиллах хүчин монголоос авах вэ гэдэг нь тухайн компаниудыг өөрсдийх нь шийвдэрлэх асуудал гэж ойлголоо. Энэ зөв үү?

Яг тийм. Тус горимд хамрагдаж буй чех компани өөрсдөө өөрийн төлөөлөгч эсвэл зохицуулагчаараа дамжуулан сонгож авна.  Зарим тохиолдолд ажилд орохыг хүсч байгаа монгол иргэд монгол компанитай шууд холбогдож намтраа илгээснээр сонгогдох боломжтой болно.

23. Монгол Улс болон БНЧУ-ын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны эртний найрсаг уламжлалт харилцаатай. Энэ харилцааг улам идэвхжүүлэхийн тулд ямар боломж, орон зай байгаа вэ ?

Энэ асуултыг асуусанд баярлалаа. Элчин сайдын хувьд энэ миний ярих ёстой асуудал юм. Би визийн асуудал худалдаа, эдийн засгийн асуудлын ард “хашилтанд” байх хэрэгтэй  харин хашилтны өмнө (эхэнд тавьдаг асуудал гэдэг утгаар) байх хэрэггүй гэж байнга хэлдэг. Хэрвээ визийн өргөдөл хүлээн авахад тулгарч байгаа асуудлууд шийдэгдээд стандарт аргаараа явдаг болвол эдийн засгийн асуудлуудаа хашилтны өмнө гаргах тал дээр хичээн ажиллаж байна. Нэлээд олон чухал төслүүд яригдаж байгаа бөгөөд тэд манай хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг эерэг чиглэлд өөрчлөх болно.

Тухайлбал?

  • Эрдэнэт хотод орон сууцны барилга барихад ФИНЕП компаний оруулж байгаа хөрөнгө оруулалт
  • Чехийн ЗПА Смарт энержи компани эрчим хүчний үйлвдэрлэлд ухаалаг тоолуур нийлүүлэх
  • БЖМ компани Монгол улсад сүүний фермерийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр ярьж байгаа – Тэгэхээр хөдөө, аж ахуйн салбарт ч хамтран ажиллаж байна.

24. Монголчуудын хувьд чехэд ийм бүтээгдэхүүнийг экспортонд гаргаад, ингээд амжилттай болох боломжтой гэдгийг Та хөндлөнгөөс юу гэж үзэж байна вэ?

Миний бодлоор ямар ч байж болно. Элчин сайдууд юу экспортлохыг зааж өгч болохгүй байх. Чех улсад амжилт олох бүтээгдхүүний нэгийг ноолууран бүтээгдхүүн гэж бодож байна. Мөн монголчууд хиам хийх нарийн гэдсийг маш сайн боловсруулдаг. Тэгэхээр энэ бас байж болно. Чацарганаар хийсэн бүтээгдэхүүн бас амжилт олох боломжтой. Яагаад гэвэл энэ нь чехэд хараахан судлагдаагүй зүйл юм.

25. Гол нь Евростандартыг хангасан байх гэсэн шаардлага тавьдаг байх, тийм үү?

Тийм ээ. Стандартын хувьд чех улс маань Монгол улсын хувьд бусад ЕХ-ны орнууд руу нэвтрэх чухал хаалга болж өгдөг. Яагаад гэвэл манай улсад Европын холбооны улсуудаас хамгийн их монголчууд амьдардаг. Тэгэхээр олон монголчууд чех улсаар дамжин бусад ЕХ-ны улсууд руу очдог.

26. Өнөөдрийн байдлаар хоёр улсын засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу хэдэн монгол оюутан чехэд сурч байгаа вэ?  

Энэхүү засгийн газрын тэтгэлэг бага зэрэг буурсан. Жилдээ 5 оюутанд тэтгэлэг санал болгож байгаа бөгөөд одоогийн байдлаар 74 оюутан чехийн их, дээд сургуулиудад сурч байна. Монгол оюутнуудад чех хэл дээр чехийн улсын их, дээд сургуулиудад үнэгүй суралцах боломжтой. Энэ нь өөрөө бараг тэтгэлэг болж байгаа юм.

27. Ер нь чехийн их, дээд сургуулиудад элсэн орохын тулд ямар шаардлага тавьдаг вэ? Хэлний бэрхшээлээс гадна.

Ер нь монгол оюутнууд хэл сурахдаа амархан. Чехийн их, дээд сургуулиудад сурахад саад бэрхшээл бараг тулгардаггүй. Чех болон Словакт их, дээд сургууль төгссөн олон зуун монголчууд байдгийн дунд манай улсад Элчин сайдаар суудаг хүмүүс ч бий. Тэд чех хэлийг маш хурдан сурдаг. Түүнээс гадна англи хэл дээр ч суралцах боломжтой.

28. Сүүлийн жилүүдэд ямар томоохон төсөл хөтөлбөр дээр хоёр талаас хамтарч ажиллаж байгаа вэ?

Худалдааны төсөл үү? Хөгжлийн төсөл үү?

29. Худалдааны.

Хөгжлийн хамтын ажиллагааны төслийн хувьд Чех улс монгол улсыг тухайн хүрээнээс гаргахаар шийдсэн. Гэхдээ цаашдаа Б2Б, орон нутгийн жижиг төслүүд /өнгөрсөн 7 хоногт би заримд нь гарын үсэг зурсан/ хэрэгжих болно.

Чех улсаас монгол улсад өгөх хөгжлийн тусламжийн дийлэнх хэсэг нь ЕХ-ны төслүүдээр дамжин олгогдох болно. 

30. Бид хоёрын ярилцлага яг үнэхээр олон нийтийн энэ асуултанд хариулт авах юмсан гэж хүлээж байсан асуудлын талаар хоёулаа ярилцлаа. Та нэмж хэлэх зүйл байгаа бол:

Энэхүү завшааныг ашиглаад монголын иргэдээс визийн хууль бус зуучлагчидтай тэмцэхэд туслахыг уриалж байна. Би үүнийг тэдгээрийн хууль бус үйл ажиллагаа явуулах орон зайг хязгаарлаж, нөхцлөөр нь хангахгүйн тулд хийх ёстой гол тэмцэл гэж үзэж байна. Зарим нэгэн виз мэдүүлэгчид буруу ташаа мэдээлэл өгч бидний ажилд саад болохын зэрэгцээ бусад боловсон виз мэдүүлэгчдийн цаг, орон зайг эзэлж байгаатай бас тэмцэхийг уриалж байна. Чехийн компаниас урилга аваад виз авсан ч тэдэнтэй холбогдоогүй төдийгүй уучлал ч хүсэхгүйгээр өөр улс руу явсан монголын бизнес эрхлэгчийн жишээ бидэнд бий. Чехийн Элчин сайдын яам иймэрхүү хуурамч хүмүүсийн визийг цуцалж бусад Шенгений улс орнуудын Элчин сайдын яамдад мэдэгдэх болно.

31. Өнөөдөр бидний урилгыг хүлээн авч, манай студид ирж, олон нийтийн хариулт авахыг хүсч байсан асуултанд хариулт өгсөн Элчин сайд Танд баярлалаа.

Урьсанд баярлалаа.

 

 

Ярилцлагыг эндээс үзнэ үү.