монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Uuriintuya
Article notification Print Decrease font size Increase font size

Элчин сайдын SCH телевизийн 1-р Сувагт өгсөн Цагаан сарын ярилцлага

Элчин сайд Ийржи Бродскийн Цагаан сарын баярыг тохолдуулан  2-р сарын 4-ний өдөр SCH телевизд өгсөн ярилцлагийг хүргэж байна.

1. Ноён Элчин сайд аа, манай хоёр орон анх хэдэн онд дипломат харилцаа тогтоож байсан мөн өнөөгийн аж байдлын талаар товчхон хариулаач?

1950 онд чех монголын хооронд дипломат харилцаа тогтоосон. 2020 онд 70 жилийн ойгоо тэмдэглэх болно. Манай 2 орон хоёулаа зөвлөлтийн хамааралтай улсууд байсан болохоор энэхүү адилхан түүх нь өнөөдрийг хүртэл хоёр орны маань харилцаанд харагдаж байдаг.  Манай яамны машинуудын улсын дугаар 04 –ээр эхэлдэг нь зүгээр нэг санамсаргүй явдал биш юм. Бид бүхэн танай хоёрдахь хамгийн том худалдааны түнш байсан. Бид удаан жилийн найзууд бөгөөд уламжлалт сайхан дотнын харьцаатай билээ.  

2. 2018 онд танай элчин сайдын яам ямар ямар ажлууд дээр төвлөрч ажилласан бэ?

2018 онд Монгол улсын Эрүүл мэндийн сайд хатагтай Сарангэрэл БНЧУ-д,  БНЧУ-ын Үйлдвэр худалдааны дэд сайд Монгол улсад тус тус айлчилсан. Хэд хэдэн бизнес эрхлэгчдийн төлөөллүүдийн айлчлалууд ч хийгдсэн. Хоёр орны худалдааны эргэлт өмнөх жилиийнхтэйгээ адилхан бага зэрэг буюу 26%-иар өссөн хэдий ч ашиглаагүй потенциал байсаар байна.

Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Домогт Шарын голд ойн төсөл болон Налайхын шилний үйлдвэрийн бохирдсон хөрсийг цэвэрлэх технологийн ноу хауг нэвтрүүлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлж дуусгасан. Мөн орон нутгийн жижиг төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тэргэнцэр болон Эрдэнэ сумын МСҮТ-д сүү боловсруулах тоног төхөөрөмж нийлүүлсэн. Хэд хэдэн чухал гэрээ, хэлэлцээрүүдийг хэлэлцэж бэлтгэсэн. Чухал зүйлүүдийн нэг бол элчин сайдын яамны консулын үйл ажиллагаа юм. Энэ нь монголын иргэдийн сонирхдог зүйл гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Ажлын карт олгодог Монголчуудад зориулсан шинэ хөтөлбөрт шилжсэн бөгөөд богино хугацааны шенгений визийн хувьд Ди Эйч Эл-ийн байранд аутсорсингийн төв нээсэн.  Одоо монголын иргэд богино хугацааны шенгений виз мэдүүлэхэд илүү нээлттэй болсон. Соёлыг орхигдуулж болохгүй яагаад гэвэл олон нийтийн дипломаци нь элчин сайдын яамын ажлын нэг хэсэг юм. Энэ чиглэлээр бид хэд хэдэн арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Үүнд: үзэсгэлэнгүүд /жишээ нь: Алфонз Мухагийн тухай, чехийн хүүхэлдэйн талаар гэх мэт./, кинонууд гаргасан, Чехословак улсын тусгаар тогтнолын 100 жилийн ойн дурсгалд зориулж томоохон концертийг Дуурийн театрт хийсэн гэх мэт. Энэ нь улсынхаа 100 жилийн ой, ардчиллын 100 жилийг дурссан гэсэн үг юм.

3. Та Монголд ирээд хэр удаж байна вэ, энд таалагдаж байна уу?

Би Монгол улсад 2017 оны 9 сард ирээд бараг жил хагас болж байна. Танай орон надад маш их таалагддаг бөгөөд би маш ихээр таашаал авдаг. Яагаад гэвэл би зөвхөн Улаанбаатар хотод сууж ажлаа хийдэг элчин сайд байхыг хүсдэггүй. Харин эсрэгээрээ хөдөө аймаг, сумуудаар явж засаг дарга нартай нь уулзаж, хамтын ажиллагаануудын боломжийн талаар ярилцдаг. Өнгөрсөн жил Улаанбаатарт сууж ажиллаад байхын оронд хөдөө орон нутгаар явах боломжийг надад Прагийн амьтны хүрээлэнгийн тусгай хамгаалалттай Говийн Б бүс рүү  тээвэрлэсэн тахийн 8 дахь удаагийн тээвэрлэлтийн төсөл олгосон юм. Үүнтэй адил өнгөрсөн жилүүдэд нийт 31 тахийг Прагийн амьтны хүрээлэнгээс тээвэрлэн авчирсан байдаг. Тус төслийн ачаар надад Ховд аймаг, Булган сум, Говь-Алтай аймаг, Улиастай хотод очих завшаан тохиосон юм. Ийнхүү би танай сайхан орны нилээд хэсгээр явсан бөгөөд үзэх юм маш их байна лээ. Энд элчин сайдын ажил хийхдээ би баяртай байдаг гэдгээ би хэлэх ёстой. Яагаад гэвэл монголчууд бидэнд хайртай, нээлттэй хүмүүс билээ.

4. Цагаан сарыг хэрхэн яаж тэмдэглэж байна вэ?

Цагаан сарын баяр уламжлалт ёсоороо элбэг дэлбэг сайхан болж байна. Би эхнэрийнхээ хамтаар монгол найз нөхдийнхөө, түншүүдийнхээ урилгыг хүлээн авдаг. Тэдний гэрт зочилж, ирж буй ондоо чех монголын харилцаанд юу хийх талаараа ярилцдаг. Мэдээж хэрэг цагаан сарын ёс заншлын дагуу амттай сайхан хоолыг нь амтархан идэж таашаал авдаг. Хамрын тамхийг нь үнэртэж, бууз, төмсний салат иддэг. Мөн түүнчлэн толгой дээрээ ямар нэгэн малгай /өнөөдрийн байдлаар надад байхгүй байгаа/ тавихыг,  бэлэг өгөх эсвэл настангуудад мөнгө барьж золгохыг хичээдэг. Өнгөрсөн жил цагаан сарын баярыг монголын олны танил уран бүтээлчийн гэрт тэмдэглэхээр очсон бөгөөд нэг өдрийн турш маш сайхан таашаал авсан. Учир нь тэднийд нэг орой бүхэл бүтэн баг дуучид, хошин шогийн жүжигчид, морин хуурын хөгжимчид ирсэн байсан.

5. 2019 онд төлөвлөж буй ажлуудынхаа талаар дурьдвал?

2019 онд өндөр түвшний айлчлалуудыг үргэлжлүүлэх болно. Сайдын түвшинд 3 айлчлал хийхээр төлөвлөж байгаа. Эдгээрийн нэг айлчлалынх нь үеэр өнгөрсөн жилүүдэд ярилцан тохирч дууссан 4 чухал гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурагдах байх. Иймд энэ жилдээ багтан гарын үсэг зурагдана хэмээн найдаж байгаа. Элчин сайдын яамны энэ жилийн гол үйл ажиллагаа эдийн засгийн дипломаци болон худалдааны харилцааг дэмжихэд чиглэгдэнэ.

Бизнес эрхлэгчдийн айлчлал, компаниудын зорилтот  танилцуулга болон бизнес тү бизнес уулзалтуудыг хийхээр төлөвлөж байна. Эдгээр арга хэмжээг 4 сард чехийн компаниудын Монголиа Майнанг үзэсгэлэнд оролцохоос эхлүүлэх бөгөөд цаашдаа Экспо Монголиад ч оролцох юм. Энэ жилийн худалдааны эргэлтийг жинтэйхэн нэмэгдүүлэхийг би хүсэж байна. Мөн Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй чехийн төрийн бус байгууллагуудыг болон  уул уурхай, хөдөө аж ахуй, хүнс боловсруулах чиглэлийн төслүүдийг дэмжихээ үргэлжлүүлэх болно. Эрүүл мэндийн, эрчим хүчний, барилгын, усны аж ахуйн, дэд бүтцийн хөгжлийн, ерөнхий зориулалтын агаарын тээврийн салбаруудыг болон Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын хөгжлийг цаашид ч дэмжин ажиллах нь бидэнд ихээхэн чухал билээ. Консулын хэлтсийн хувьд хоёр талын консулын 3 дахь зөвлөлдөх уулзалт болох бөгөөд тухайн хэлтсийн хүний нөөцийг нэмэгдүүлнэ. Элчин сайдын яамныхаа ажлын орон зай, талбайг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

6. Таныг нийт монголчуудад зориулж цагаан сарын мэндчилгээг дэвшүүлэхийг үүгээр хүсье. 

Мөн түүнчлэн дипломат ёсны олон нийтэд зориулсан арга хэмжээнүүдээрээ санан дурсах хэд хэдэн тэгш ойн баярууд биднийг хүлээж байгаа билээ. Европын холбоотой хамтран Монгол улс Европын холбоотой дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг дурсана. Үүний хүрээнд Сүхбаатарын талбай дээр Европын өдөр арга хэмжээ зохиогдох юм. БНЧУ НАТО-д элсэн орсоны 20 жил, төв Европт коммунизмыг унагасан Хилэн хувьсгалын 30 жилийн ой бас болно. Энэ ой Монголтой ч холбоотой. Яагаад гэвэл ардчилал руу шилжих үе манайхтай адилхан байдаг. Энэ жил тахийн дараагийн тээвэрлэлт болно гэдгийг бас хэлэхгүй байж болохгүй байх. Энэ бол чех монголын харилцаанд удаан үргэлжлэх зүйл бөгөөд Прагийн амьтны хүрээлэнгийнхэн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж Говийн А хэсгийнхэнтэй Пржевалскийн адуугаас гадна өөр төрлийн ховор амьтдыг хамгаалах чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна.

Монголын ард түмэнд ирж буй ондоо эрүүл энх, ойр дотныхонтойгоо сайхан мөчүүдийг хамт өнгөрөөхийг түүнчлэн ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе. Монгол улсад улс төрийн тогтвортой байдлыг хүсэж байна. Энэ бол бусад бүх зүйлийн суурь нь юм. Танай орон эдийн засгийн хувьд сайн хөгжиж байгааг би энд байгаа жилийн хугацаанд олж харсан. Олон олон худалдааны төвүүд бий болж, бараа бүтээгдхүүний төрөл зүйл ч нэмэгдэж байна. Монгол улс нүдэн дээр хөгжиж байна. Гэвч улс төрийн тогтвортой байдал гол нөхцөл нь юм. Монголын бүх ард түмэнд Сар шиний мэнд хүргэж буйг минь хүлээн авна уу!