монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: JargalDefacto.com
Article notification Print Decrease font size Increase font size

Элчин сайд Ийржи Бродскийн Jargal Defacto-д өгсөн ярилцлага

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийн Чехословак улсын тусламж Монгол Улсад, 1990 оноос хойш хийсэн Чех улсын эдийн засгийн өөрчлөлт, чех-монголын эдийн засгийн өнөөгийн харилцаа болон цаашид ямар салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтой талаарх Jargal Defacto-д өгсөн ярилцлагыг хүргүүлж байна.

Жаргал Дефакто: Оройн мэнд, Эрхэм ээ.

Элчин сайд:           Оройн мэнд, намайг урьсан танд баярлалаа. Энэ уулзалтыг тэсэн ядан хүлээж байлаа.

Жаргал Дефакто: Тавтай морилно уу. Таныг нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаадаа би маш их баяртай байна. Та Монгол Улстай, бас миний гэр бүлтэй маш ойрхон, дотно улсыг төлөөлж байна. Би тэнд таван жил амьдарсан. Миний охины анхны хэл бол чех хэл, мөн эхнэр маань чехээр ярьдаг. Далан жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон хуучин Чехословак улсад хэдэн арван мянган монголчууд очиж байсан. Тиймээс бид энэ жил энэ томоохон баярыг тэмдэглэж байна. Хоёр орны дипломат харилцаанд өнгөрсөн хугацаанд юу хийгдсэн, одоо юу хийгдэж байгаа, цаашдаа бид юу хийж чадах талаар ярилцъя. Дахин тавтай морилно уу. Дипломат харилцаа тогтоож байх үед юу болж байсан талаар бага зэрэг ярихгүй юу.

Элчин сайд:           Сайхан найрсаг үг хэлсэнд тань дахин баярлалаа. Мэдээжийн хэрэг, таныг манай улстай хувийн холбоо харилцаатай гэдгийг би мэднэ. Чехийн далбааг танай сайхан эх оронд авч явна гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Та зөв хэллээ. Яг 70 жилийн өмнөх 4-р сарын 25-ны өдөр бид хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны баярыг тэмдэглэж байлаа. Тэр үед Чехословак улс гэж байсан. Чех, Словак улс нь Чехословакийн залгамжлагч улсууд учраас бид энэ өдрийг тэмдэглэж байна. Үүнийг тэмдэглэх хэрэгтэй гэж бид боддог бөгөөд тэмдэглэх олон шалтгаан бий.

Жаргал Дефакто:  Давхар тэмдэглэж байгаа юм байна.

Элчин сайд:           Тийм ээ, давхар тэмдэглэдэг. Словакууд ч энэ өдрийг тэмдэглэж байгаа. Гэхдээ тэд Бээжингээс Монголыг хамааран ажиллаж байна. Тиймээс нөхцөл байдал харьцангуй өөр. 1950 оноос хойш бидний харилцаа маш эрчимтэй явагдсан. Чехийн геологичид дипломат харилцаа тогтоосноос хойш удалгүй Монгол улсын үйл хэрэгт ихээхэн оролцсоныг та мэднэ. Тэд Эрдэнэтийн зэс, молибдений ордыг илрүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан. Мөн Монгол улсын хэмжээн дэх ашигт малтмалын орд газруудын зураглалыг гаргахад ч оролцсон.

Жаргал Дефакто:  Энэ бол хүн бүр тэр болгон мэдээд байдаггүй зүйл шүү дээ. Манай улсын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулж буй одоогийн Эрдэнэтийн зэсийн уурхайн зэс, молибдений ордыг анх удаа Чехийн эрдэмтэд 60-аад оны сүүлчээр нээн илрүүлсэн байх аа?

Элчин сайд:           Тийм ээ. Энэ үнэн.

Элчин сайд:           Тэр үед Монголд хэдэн зуун чехүүд байсан. Тэд Улсын нэгдүгээр эмнэлэг, Төрийн албаны зөвлөлийн байрлаж буй барилга, Дарханы цементийн үйлдвэр зэрэг олон нийтийн чухал барилга байгууламж барих ажилд оролцсон. Ерөнхийдөө тэд Дархан хотын хөгжил, бүтээн байгуулалтад оролцсон юм. Мөн  Баян-Өлгий аймгийн шуудан холбооны байрыг барьсан. Ийнхүү бид Монгол улсын барилгын салбарт бас оролцсон.

Жаргал Дефакто: Тэр үед Улсын нэгдүгээр эмнэлгийг хар эмнэлэг, эсвэл хар барилга гэж бид дууддаг байсныг Улаанбаатар хотод төрж өссөн хүний хувьд онцолж хэлмээр байна. Нэгдүгээр эмнэлэг бол барилга байгууламжийн хувьд шинэ стандарт байсан төдийгүй шинэлэг загвартай байв. Дотор нь орж үзвэл Зөвлөлт холбоот улсын загвараас өөр соёлтой байсан. Тиймээс бид энэ эмнэлгийн системийн талаар үргэлж ярьдаг байсан. Прагад байхдаа тэндэх бүх эмнэлэг ижил төстэй байгааг хараад би үнэхээр гайхсан. Танай улсын үзэл баримтлал аргагүй л  өөр байж. Учир нь, 40-өөд оны дунд үед Чехословак улс дэлхий дээр аж үйлдвэржилтээрээ долдугаарт ордог  үндэстэн байжээ. Европын аж үйлдвэрийн төвүүдийн нэг байсан, тийм ээ? Тиймээс энэ үзэл баримтлал нь таны дурдсан Монгол дахь төслүүдэд хожим илэрч давтагдсан байна.

Элчин сайд:           Тийм ээ, таны зөв. Монголын гутлын үйлдвэрлэл, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн бат бөх суурийг тавихад бидний оролцоо маш их байсан. Мэдээж тухайн үед манай хоёр орон Зөвлөлтийн дагуул улс байсан учраас бие биетэйгээ нөхөрлөх, нэгнээ тусалж дэмжих үүрэг хүлээсэн байсан.

Жаргал Дефакто:  Эдийн засгийн интеграцын холбоо гэж. Тэр бол өөр үзэл суртлын бүлэг байсан. Гэсэн хэдий ч Монгол Улс танай улсаас зураг төсөл, болон үйлдвэрүүд хүлээн авахдаа баяртай байсан. Тухайн үеийн гутлын үйлдвэр нь одоо гутлын үйлдвэр байхаа больсон. Хэрэв та санаж байгаа бол гутлын үйлдвэр хэр хүчин чадалтай байсан бэ? Хүн амын тооноос 3-4 дахин их тооны гутал үйлдвэрлэх хүчин чадалтай байсан байх гэж би бодож байна. Тиймээс магадгүй тэд гутал экспортолж байсан байх гэж би бодлоо?

Элчин сайд:           Яг үнэн. Тийм зорилготой байсан. Гэхдээ бид хоёул Зөвлөлтийн дагуул улсууд байсан тул бид бие биетэйгээ илүү ойр харилцаатай байсан. Чехословак улс танай улсын худалдааны хоёр дахь том түнш байсан бөгөөд тухайн үед танай Монголын нийт гадаад худалдааны 6 хувийг бүрдүүлж Зөвлөлт Холбоот Улсын дараа орж байлаа. Үүний үр дүнд дэлхийд танигдсан олон Чех, Чехословакийн брендүүдийн нэршлээр нь монголчууд тухайн бүтээгдэхүүнүүдийг төсөөлдөг болсон байна. Жишээ нь Ява нэрийн дор мотоциклыг, Татра нэрийн дор ачааны машиныг, Батяа нэрийн дор  гутлыг, Шкода нэрийн дор автобусыг, Кароса нэрийн дор Улаан автобусыг гэх мэтээр Монголд сайн танигдсан. Танай цахилгаан станцуудын турбинууд хүртэл Чехословакаас ирсэн. Мөн манай хоёр улсын хүмүүс хоорондын харилцаа бол бидний харилцааны хамгийн чухал нэг хэсэг гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. 1990 оноос өмнө 20,000 гаруй монголчууд Чехословакийн их дээд сургуульд суралцаж байжээ. Эдгээр хүмүүс одоо ч байгаа бөгөөд манай хоёр талын харилцааны асар их үнэ цэнэ болсон хүмүүс юм. Би бас тэднийг Монгол дахь манай элчин сайд нар гэж нэрлэдэг. Тэд чех болон словак хэлээр ярьдаг эсвэл тодорхой хэмжээний мэдлэгтэй байдаг. Тэд өнөөдрийг хүртэл хоёр орны харилцаанд маш их өөрчлөлтийг хийж байна. Тийм маш олон хүмүүс би. Би бүгдийг нь нэрлэхгүй.

Жаргал Дефакто: Хүмүүсийн хоорондын харилцаа маш амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр Чех улсад хэдэн мянган монголчууд амьдардаг болохыг та мэдэх үү?

Элчин сайд:           Тийм ээ. Чех улсад арван мянган монгол иргэн амьдарч байна. Европын орнуудаасЧехэд хамгийн олон монголчууд байна. Үүнийг Чехийн эдийн засаг COVID-19 тахлаас өмнө маш сайн байсантай холбож ч болох юм. Европт Чех улсын ажилгүйдлийн түвшин хамгийн бага байсан. Нөгөөтэйгүүр зах зээлийн нээлттэй эдийн засагтай, экспортод чиглэсэн, экспортын хамааралтай улс орны төгс жишээ болсон Чех улсын компаниудад  ажиллах хүч хэрэгтэй байна. Тийм ч учраас Чехийн засгийн газар заавал газарзүйн хувьд биш ч түүх, соёл иргэншлийн орон зай, хэл ярианы хувьд бидэнтэй ойр байдаг улс орноос, энгийнээр хэлбэл манай улсыг мэддэг, манай улстай харилцаатай бөгөөд, манай улсад дасан зохицох чадвар сайтай орнуудаас ажиллах хүч авч ажиллуулах тусгай горим бий болгохоор шийдсэн.

Энэ хүрээнд амжилттай явж байгаа улсын тод жишээ бол Монгол улс юм. Чех улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд Чехийн хүнс боловсруулах, автомашин болон машин техник үйлдвэрлэлийн салбарын тавиас илүү компанид асар их өөрчлөлт хийж байгаад бид маш их баяртай байдаг. Мах боловсруулах салбар үргэлж танай улсын харьцангуй давуу тал болдог. Тиймээс ч бид энэ давуу талыг ашигладаг. Жил бүр Чехийн засгийн газраас Монгол Улсын 1,200 иргэнийг ажиллах хүчээр авдаг. Энэ нь мэдээж Чех дэх монголчуудын тоог нэмэгдүүлдэг.

Жаргал Дефакто: Монголоос албан ёсоор жил бүр 1,200 иргэн буюу ажиллах хүчийг Чех улсад гаргаж байна уу?

Элчин сайд:           Тийм ээ, Чехийн Элчин сайдын яам хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй холбоотой бичиг баримтыг боловсруулдаг тул энэ нь бидний хувьд ихээхэн ажил  юм.

Жаргал Дефакто: Ажиллагчдад ямар нэгэн тодорхой мэргэжлийн шаардлага тавьдаг уу?

Элчин сайд:           Бид мэдээж мэргэшсэн ажиллах хүч хайдаг гэхдээ дан ганц энэ биш юм. Оёдол, арьс шир боловсруулах, мах боловсруулах чиглэлээр мэргэшсэн, Чех улсад ажиллаж, мэдлэг хуримтлуулж, тодорхой чиглэлээр мэргэших хүсэл сонирхолтой монгол ажилчид авахдаа бид баяртай байна. Учир нь тэд нэг л өдөр Монголдоо эргэж ирэх болно.

Жаргал Дефакто: Тэд тодорхой хугацаатай ажилладаг уу?

Элчин сайд:           Тэд хоёр жил ажилладаг бөгөөд сунгах боломжтой.

Жаргал Дефакто: Ажиллах хугацааг дахин дахин сунгаж болох уу? Эсвэл ганц л удаа сунгадаг уу?

Элчин сайд:           Тийм ээ, дахин сунгаж болно. COVID-ын хямрал ч Чех компаниудын ажиллах хүчний эрэлт хэрэгцээг нэмэгдүүллээ.

Жаргал Дефакто: Хэрэв тийм бол, ялангуяа монголчууд илүү сайн ажил, илүү дээр цалинг хайж байгаа тохиолдолд танай улс маш олон монголчуудыг авах боломжтой болж байна. Танай улс бол өөрийн гэсэн мөнгөн тэмдэгттэй цөөхөн Европын гишүүн орнуудын нэг. Миний хувьд хамгийн их гайхаж буй зүйл бол танай улсад намайг 80-аад оны сүүлчээр амьдарч байхад 1 америк доллар 23 чех кронтой тэнцэж байсан. Өнөөдөр ч бараг ижил түвшинд байна. Юу болоод байна вэ? Үргэлж ийм хүчтэй валюттай байдаг танай улсын нууц юунд байна вэ?

Элчин сайд:           Үүнийг би Алоис Рашины үеийн анхдугаар Бүгд Найрамдах Улсаас гаралтай харьцангуй консерватив мөнгөний бодлогын уламжлал гэж боддог. Эдийн засгийн хувьд валютын уян хатан ханш нь эдийн засгийн хамгийн чухал хувьсагчдын нэг гэж би бодож байна. Бид өөрсдийн мөнгөний бодлоготой байж, шаардлагатай бол валютын ханшийг зохицуулж чаддаг нь эдийн засаг дахь асар их хөрөнгө юм.

Жаргал Дефакто: Ингэснээр төв банкныхаа валютын нөөцийг ямар нэг хэмжээгээр хохироодог уу?

Элчин сайд:           Үгүй ээ. 1990-ээд онд бид тэнцвэртэй төсөвтэй байдаг байсан. Тухайн үеийн Сангийн сайд, Ерөнхий сайд асан Вацлав Клаус энэ уламжлалыг бий болгож байв. Энэ нь маш хариуцлагатай мөнгөний болон улсын санхүүгийн бодлого байсан. Таны асуултын гол хариултуудын нэг бол энэ суурь гэж бодож байна. Төв банкийг мөнгө хэвлэ, ханшийн уналтыг сонирх, оролд гэх зэргээр огт шахаж байгаагүй. Гэхдээ мэдээж Төв банк интервенц хийсэн нэг тохиолдол бий бөгөөд 2013 онд болж байв.

Жаргал Дефакто: Яг юу болсон бэ?

Элчин сайд:           Төв банк инфляцыг онилох чиглэлээр ажилласан бөгөөд валютын ханшид хөндлөнгөөс оролцох шаардлагатай гэж үзсэн.

Жаргал Дефакто: Тухайн үед инфляц ямар түвшинд байсан бэ?

Элчин сайд:           Хэрэв би андуураагүй бол 2 орчим хувь байсан.

Жаргал Дефакто: Хоёр хувь? Гэсэн ч та нар үүнийг асуудал гэж ярьдаг. Харин монголд бид азтай учраас нэг оронтой тоотой байгаа. 9 гэсэн үг л дээ. Танай улс хэдэн онд Европын холбооны гишүүн орон болсон бэ?

Элчин сайд:           2004 онд.

Жаргал Дефакто: ЕХ-ны гишүүн орон учраас төсвийн алдагдлыг ДНБ-ний гурван хувиас бага байлгах ёстой байдаг, тийм үү? Мөн танай улс үүнийг хэтрүүлж байгаагүй юу?

Элчин сайд:           Одоохондоо үгүй. Энэ тал дээр ч бид маш хариуцлагатай бодлого баримталдаг. Хуулийн дагуу бол бид еврог өөрийн мөнгөн тэмдэгт болгох үүрэгтэй. Гэхдээ бодит байдал дээр бид нэг их яарахгүй байгаа. Таны хэлсэнчлэн шалгуурыг нь хангасан хэдий ч энэ засгийн газар лав үүнийг хийхгүй.

Жаргал Дефакто: Танай улс еврог ашиглахгүй ч Европын Холбоонд нэвтрэх боломжтой болсон тухайн үеийн Социалист лагерийн цөөхөн орны нэг. Энэ нь яагаад ч юм бодит байдал дээр өөр дүр зураг бий болгож, эдийн засагт чинь тогтвортой байдал үүсгэдэг. Танай улсын экспорт эдийн засгийн энэ тэнцвэрийг, хүчтэй валютыг хадгалахын тулд ямар бүтэцтэй байна вэ?

Элчин сайд:           Би таны өмнө нь дурдсан, манай улсад одоо ч байгаа аж үйлдвэрлэлийн баазаас ярьж эхэлье. Энэ үйлдвэрлэлийн бааз таны дурдсан 40-өөд оноос ч өмнө эхэлсэн. Анхдугаар Бүгд Найрамдах улс юм уу эсвэл тэрнээс ч өмнө буюу Австри-Унгарын эзэнт гүрний нэг бүрэлдэхүүн байсан үеэс эхлэлтэй. Чехийн газар нутаг нь уг Эзэнт гүрний аж үйлдвэрийн баазын гуравны хоёрыг эзэлдэг байсан. Тэр уламжлал одоо хүртэл манай улсад хадгалагдаж байгаа бөгөөд манай экспортод төдийгүй Чех, Монголын харилцаанд ч мөн илэрдэг. Чех компаниуд евростандардын технологи, машин механизм, ухаалаг технологийн шийдлүүдийг оруулж ирэхэд ихээхэн өөрчлөлт авчирч чадна гэдгийг Монгол компаниуд маш сайн мэддэг. Энэ бол манай экспортын амин чухал хэсэг юм.

Жаргал Дефакто: Энэ нь манай эдийн засагт ч нөлөөлсөн. Бид эдгээр бүх машин, тоног төхөөрөмж, Татра, автобус зэргийг хүлээн авдаг байсан. Танай улсын валютыг өнөөг хүртэл хүчтэй байлгахад тусалсан аж үйлдвэрийн баазын талаар та сая ярилаа. Нөгөө нэг шалтгаан нь ихэнх тохиолдолд гадаадын шууд хөрөнгө оруулалт байдаг. Танай улс Шкодаг Германчуудтай нэгтгэж, нэрээ хадгалж үлдсэн ч Волксваген болохыг зөвшөөрсөн. Шууд хөрөнгө оруулалт татдаг энэ төрлийн бизнесийн талаар та ярихгүй юу.

Элчин сайд:           Тийм ээ, Шкода Волксвагены гэр бүлийн гишүүн болсон. Дахин хэлэхэд энэ бол амжилттай бизнесийн түүх байсан. Маш зөв шийдвэр байсан гэж би хардаг. Шкода Авто нь өнөөгийн КОВИД-ын эрин үеийг даван туулж, дэлхийд амжилттай ажиллаж байгаа компани юм.

Жаргал Дефакто: Тэр үед Шкода аль хэдийн Зүүн Европ дахь машины зах зээлд илүү сайн машин байсан. Одоо Волксвагентай нэгдсэнээр Гольф болон бусад брэндүүдтэй өрсөлдөх чадвартай хэвээр байна.

Элчин сайд:           Тэр компани дахь хамгийн чухал зүйл нь юу вэ гэвэл чех загвар, чех экспертиз, чех болон монгол ажилчид нь юм. Шкода Авто компани Монгол улсыг сонирхож байна. Монголд эргэн ирэхийг хүсэж байна. Мөн тус компани Монголд чадварлаг түнш олсон. Удахгүй Монголд орж ирнэ гэж найдаж байна.

Жаргал Дефакто: Яах аргагүй бидний үзэхийг хүсэж буй цаг мөч. Та гадаадын шууд хөрөнгө оруулалтын амжилттай өөр түүхээс дурдахгүй юу?

Элчин сайд:           Чех улсад хийгдсэн гэсэн үг үү?

Жаргал Дефакто:  Тийм ээ

Элчин сайд:           Солонгос улсаас хийгдсэн хөрөнгө оруулалтын амжилтын түүх олон байдаг. Дахиад л автомашины салбарт. Бид Чех улсад Хвюндайг үйлдвэрлэж байна. Бид бол Төв Европ дахь автомашин, автомашины тоног төхөөрөмжийн хамгийн том үйлдвэрлэгч орон. Бид Европ дахь автомашины төв болсон орон.

Жаргал Дефакто:  Танай улсад гадаадын банк бий юу?

Элчин сайд:           Тийм ээ, манай улсад гадаад эзэнтэй гадаадын банкнууд байдаг. 2008, 2009 оны хямралаар  гадаадын эх банкнуудын  чехэд байдаг охин компани /банкууд/  илүү эрүүл болох нь батлагдсан юм. Мөн үүнд олон шалтгаан байсан.

Жаргал Дефакто: Чех дэх гадаадын банкнууд нийт активын хэдэн хувийг эзэмшиж байна вэ?

Элчин сайд:           Барагцаа тооцоогоор ная гаруй хувийг гадаадын банкнууд эзэмшдэг гэж бодож байна.

Жаргал Дефакто: Тэгэхээр танай банкны эздийн наян хувь нь гадаадын иргэд байдаг. Танай улс брэнд болсон Шкодаг зарсан. Хэдийгээр нэр нь Шкода хэвээр боловч Германчуудын эзэмшилд байдаг. Мөн Солонгосчууд өөрсдийн бизнесээ явуулж байна.

Элчин сайд:           Ташрамд хэлэхэд Кароса автобусыг ч Италийн Ивеко компани эзэмшдэг.

Жаргал Дефакто: Монголчууд жишээ нь “та нар улсаа зарж байна, гадаадын хүмүүс ирж манай бизнесүүдийг худалдаж авч байна” гэх зэргээр ярьдаг. Банк, болон автомашины компаниуд гадаадынхны эзэмшилд байдаг тухай Чех орон даяар биш юмаа гэхэд энгийн Чех иргэд хэрхэн хүлээн авдаг вэ?

Элчин сайд:           Ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих болсон бидний зорилго эдийн засгийг нээх, чөлөөлөх, болон эдийн засаг дахь төрийн зохицуулалтыг халах, мөн төрөөс татаас өгөх явдлыг арилгах байв. Энэ нь мөн бид гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй байсантай холбоотой. Энэ шилжилт манай улсын хувьд амжилтын түүх болсон зүйл байв. Энэ нь гадаадын хөрөнгө татаж, Чех хүмүүст ажлын байр бий болгосон. Мөн аливаа зүйлийг хийх шинэлэг санааг Чехд авчирсан. Тиймээс бид энэ талаар гомдоллох эсвэл уйлаад байдаггүй.

Жаргал Дефакто: Энэ бол бидний хоорондох ялгааны нэг юм.

Элчин сайд:           Энэ нь бас манай улсын газарзүйн байршлаас шалтгаалсан болохыг нэмж хэлмээр байна. Энгийнээр хэлэхэд бид Европын зүрхэн хэсэгт байрладаг.

Жаргал Дефакто: Хамгийн төв болсон газар.

Элчин сайд:           Тийм ээ, яг төв. Гадаадын гэх бүх зүйлээс өөрийгөө хамгаалж, хилээ хааж, Европын Холбоонд гишүүн болох хүсэлгүй арал байх нь бидний хувьд бүтэхгүй зүйл байсан. Тийм ямар ч боломж байгаагүй.

Жаргал Дефакто:Брно Чехийн нэг хэсэг хэвээр байгаа биз дээ?

Элчин сайд:           Тийм ээ, таны зөв. Манай улсын маш чухал хэсэг.

Жаргал Дефакто: Яагаад чухал вэ?

Элчин сайд:           Брно бол Чехийн хоёр дахь том хот бөгөөд үнэхээр тухтай, элгэмсэг хот. Тэнд томоохон их сургууль бий. Энэ хот бизнес, судалгаа шинжилгээний ажлаар дүүрэн оргилж байдаг. Очиж үзүүштэй хот.

Жаргал Дефакто: Хоёр улсын өнөөгийн худалдаа, бизнесийн талаар ярилцъя, өмнөх шигээ тийм ч таатай биш байна. Тэгэхээр одоо нөхцөл байдал хэр байгаа тухай тайлбарлаж өгнө үү.

Элчин сайд:           Энэ сэдвийг хөндсөнд баярлалаа. Хоёр орны худалдааг нэн тэргүүнд тавьж байдаг  энэхүү Элчин сайдын яамыг удирдах нь миний хувьд нэр төрийн хэрэг билээ. Манай улс 1990 оноос өмнө Монгол улсын гадаад худалдааны зургаан хувийг бүрдүүлж байсан гэдгийг харгалзан үзэх юм бол өнөөгийн манай хоёр улсын худалдааны нийт бараа эргэлт ердөө арван есөн сая америк доллартой тэнцэж байна. Энэ нь миний хувьд Улаанбаатар хотын гудамжаар бүжиглээд баярлаад яваад байх зүйл биш л дээ. Харин бид хичээл зүтгэлээ хоёр дахин нэмэгдүүлэх ёстой. Одоо бид худалдааны харилцаагаа хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна.

Монгол Улс Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны тэргүүлэх орон байсан 1996-2017 оны хоорондох үеэс бид маш чухал шилжилтийг хийж байна. Бид өнгөрсөн хугацаанд хөдөө аж ахуй, ойн аж ахуй, ус цэвэршүүлэх, эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарт 50 сая гаран долларын өртөг бүхий нийт 59 чухал төслүүдийг хэрэгжүүлсэн. Бид одоо "донор – хүлээн авагч" гэх гарчигтай харилцаанаас нь "хоёр бие даасан бизнесийн түнш" болох харилцаа луу шилжиж байна. Учир нь бид энэ харилцааг илүү урт хугацааных гэж харж байна.

Хэрэв та 2006-2019 оны хооронд дахь манай хоёр улсын худалдааны тэнцлийг харвал бид 2012 онд хүрч байсан оргил үе лүүгээ буцаад очиж байна. Одоо манай ЭСЯ-ны хувьд энэ хоёр зураасыг ойртуулах нь чухал бөгөөд энэ нь мөн Монголоос Чехэд нийлүүлэх импортыг хөхүүлэн дэмжих явдал гэсэн үг юм. Чех улс нь Европын Холбоон дахь танай улсын сайн найз. Тийм ч учраас танай улс үүнийг 6,200 бараа бүтээгдэхүүнийг гаалийн татваргүй импортлох боломжийг олгодог GSP+горимоор өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг Европын нэгдсэн зах зээлд нийлүүлэх гарц болгон ашиглаж болно. ЭСЯ-ны бас өөр нэг даалгавар бол одоогийн өсөлтийг манай хоёр орны худалдааны харилцааны цаашдын чиг хандлага болгох явдал юм. Та ажиллах хүч авч ажиллуулдаг талаар дурдлаа. Тийм ээ, энэ бол чухал ажил гэхдээ Чехийн хөрөнгө оруулалтыг Монголд татах, монгол хүмүүст нутагт нь ажил олгох явдал бол үүнтэй эн тэнцүү чухал ач холбогдолтой зүйл юм.

Жаргал Дефакто: Өнөөг хүртэл ямар хөрөнгө оруулалтууд хийгдээд байна вэ?

Элчин сайд:           Өнөөг хүртэлх хамгийн том хөрөнгө оруулалтыг  Эрдэнэт хотод орон сууц барьж байгаа “Финэп” барилгын компани хийсэн. 150 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн юм. Тэд Эрдэнэтэд 1,650 айлын орон сууцны нийт 20 барилга барихаас одоогоор 9 барилгыг дуусгаад байна.  Тавин таван айлын шинэ байрыг энэ 7-р сард хүлээлгэн өгнө. Энэ бол Монгол улс дахь Чехийн хөрөнгө оруулалтыг харах сайхан жишээ юм.

Жаргал Дефакто: Дэлгүүр болон бусад зүйлс багтсан цогцолбор байх нь.

Элчин сайд:           Яг тийм. Евро-Эко Төгөл гэдэг нэртэй. Энэ компани Эрдэнэт хотод сайхан өөрчлөлт авчирч байгаа гэдгийг нэмж хэлмээр байна. Тус хорооллын орчмын төв замыг дахин шинэчилсэн байна. Мөн хотын инженерингийн шугам сүлжээг хөгжүүлж байна. Ярихад сайхан түүх л дээ.

Жаргал Дефакто: Сонирхолтой юм. Тэд Чех улс дахь замын жишиг стандарттай эн дүйцэхүйц стандартаар хийсэн байх. Энэ нь Монгол дахь замын компаниудад сайн стандарт болно. Өөр ямар хөрөнгө оруулалт байна вэ?

Элчин сайд:           Бид одоо эрчим хүчний салбарт хийх томоохон хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэж байна. Энэ хөрөнгө оруулалтаар Монгол улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд орчин үеийн, цогц ухаалаг шийдлүүдийг авчрах юм. Энэ нь ухаалаг тоолууртай холбоотой бөгөөд 70 сая долларын хөрөнгө оруулалт болох юм. Тэгэхээр үндсэндээ манай хоёр орны нэг жилийн худалдааны эргэлтээс гурав дахин их гэсэн үг.

Жаргал Дефакто: Энэхүү хөрөнгө оруулалтын нийт дүн нь ам.долларын ханшаар хэд вэ?

Элчин сайд:           70 сая ам. доллар.

Жаргал Дефакто: Энэ хөрөнгө оруулалтын талаар ярихгүй юу?

Элчин сайд:           Ухаалаг тоолуурыг Монголд нэвтрүүлэх юм, харин ингэхдээ дангаар нь авчрах биш Монголд хамтарсан компани байгуулах замаар юм.

Жаргал Дефакто: Хаана авчирна гэж вэ? Энэ нийлүүлэлтийн гинжин хэлхээний цэг нь хаана вэ?

Элчин сайд:           Төвийн болон төгсгөлийн хэмжилтэд хоёуланд нь байх болно. Төслийн талаар бүхэлд нь ярих юм бол радиатор/паар тус бүр дээр ухаалаг тоолууртай болно гэсэн үг.

Жаргал Дефакто: Та халаалтын талаар ярьж байна уу?

Элчин сайд:           Тийм ээ. Гэхдээ бас цахилгаан ч орно. Төсөл цахилгаан тоолуураас эхэлнэ.

Жаргал Дефакто: За тэгвэл энэ нь системийг илүү үр ашигтай болгоход туслах юм байна. Учир нь бид маш их алдагдалд ордог. Маш сонирхолтой. Бид өөр юу хийж чадах вэ? Энэ бүгдийг хийхэд биднийг юу зогсоогоод байна вэ?

Элчин сайд:           Манай хоёр улсын худалдааны харилцаанд амжилттай яваа өөр нэг салбар бол ус цэвэрлэх байгууламжийн салбар. Монгол улсад бүртгэлтэй Чехийн маш сайн компани болох Хаанзаа нь Монгол улс даяар аль хэдийнээ хэдэн арван бохир ус цэвэрлэх байгууламжийг бариад байна. Хамгийн сүүлд гэхэд Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудлын бохир ус цэвэрлэх байгууламжийг барьсан. Өөр нэг жишээ, мөн хамгийн орчин үеийн мембраны системд суурилсан хаягдал ус цэвэрлэх байгууламжийг Оюу Толгойд барьсан явдал юм. Эдгээр нь маш сайн жишээ. Улаанбаатар хотын гуравны нэгийг ундны устай болгоход Чехийн компаниуд хувь нэмрээ оруулсан гэдгийг та бүхэн мэднэ. Тиймээс бид өмнө нь хэрэгжүүлсэн хөгжлийн хамтын ажиллагааны төслүүд дээрээ тулгуурлан  худалдааны түвшинд хүргэхийг хүсдэг.

Жаргал Дефакто: Мянганы сорилтын сангийн шинэ төсөл Монголд хэрэгжиж байна. Энэ төсөлтэй ямар нэг байдлаар холбоотой уу?

Элчин сайд:           Би энэ талаар Америк хамтран ажиллагчтайгаа ярилцах хэрэгтэй болох болов уу. Мэдээжийн хэрэг, бид Чехийн компаниудын хийсэн зүйлс болон тэднийг хэрхэн хамруулж болохыг энэ том төсөлд ашиглах боломжтой.

Жаргал Дефакто: Социализмын үед Чехийн усжуулалт, ус цэвэршүүлэх, бохир усны менежментийн систем нь үргэлж үр ашигтай байдаг байсан нь гайхшрал төрүүлдэг байв. Тэр үед Монголоос тэнд очсон төлөөлөгч бүр нүдээ бүлтийлгэн, тэд яаж үүнийг хийж чадаж байна вэ хэмээн гайхдаг байв. Тиймээс маш үр дүнтэй байсан байх нь. Цаашид хөгжүүлэх боломжтой өөр салбар бий юу?

Элчин сайд:           Бидэнд "Дэлхийн улсуудын салбар бүр дэх боломж бололцооны газрын зураг" гэж нэрлэдэг зүйл бий. Маш том хэмжээтэй учраас бид үүнийг ийм USB дээр авч явдаг. Чех компаниудад зориулан дэлхийн бүх улс орны салбар бүрд ашиглаж болох боломжуудыг багтаасан гэсэн үг.

Жаргал Дефакто: Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг сурталчлахад маш хэрэгтэй зүйл байна. 2000 оноос өмнө би тэр байгууллагыг удирдаж байсан юм. Энэ нь Чех улсын хувьд ашигтай байж болох улс бүрээр юм байна шүү дээ.

Элчин сайд:           Яг тийм. Монгол улсыг харах юм бол салбар бүрийн боломжуудын самбар нь маш өргөн цар хүрээтэй бөгөөд Чехийн өрсөлдөх давуу талуудад маш тохиромжтой юм. Үүнд хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, ус цэвэрлэх байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалт, иргэний нисэх, барилга, болон батлан хамгаалах салбар багтана. Монголын цагдаа, хил хамгаалах болон батлан хамгаалах салбарын бусад нэгжүүд Ческа Звроёовка компаний зэвсгийг маш сайн мэддэг. Эрүүл мэндийн салбар бол Нэгдүгээр эмнэлэг байгуулагдсан цагаас болон сэргээн засварлагдсанаас нь хойш бидний оролцож ирсэн маш чухал салбар юм. Долоон зуун орчин үеийн эмнэлгийн орыг Линет гэдэг маш чухал Чехийн компаниас Монголд авчирч байсан бөгөөд цаашид ч бид үүнийг үргэлжлүүлэхийг хүсэж байна.

Жаргал Дефакто: Эдгээр сонирхолтой салбаруудаас онцолж иргэний агаарын тээврийн талаар асуух гэсэн юм. Энэ талаар ярихгүй юу?

Элчин сайд:           БНЧУ энэ гайхалтай салбарт үнэхээр хүчирхэг гүрэн  юм. Бид 100 гаруй жилийн турш онгоц үйлдвэрлэж байна. Дэлхийн өнцөг булан бүрд хамгийн том нисэх онгоцны буудлаас эхлээд модульчлагдсан болон бүс нутгийн нисэх онгоцны буудал зэргийг барьдаг маш чадварлаг чех компани бий. Тус компани танай улсын бүс нутгийн нисэх онгоцны буудлыг хөгжүүлж, олон улсын нисэх онгоцны буудлууд болгон хувиргахыг маш их сонирхож байна.

Жаргал Дефакто: Та модульчлагдсан нисэх онгоцны буудал гэж хэллээ. Энэ нь нисэх онгоцны буудлын ачааллаас шалтгаалан өргөтгөх боломжтой нисэх буудал гэсэн үг үү?

Элчин сайд:           Яг тийм. Мөн, нислэгийн зурвасыг (зам) нэг өдрийн дотор тавьж болно. Тэд шууд ашиглахад бэлэн маш уян хатан шийдлүүдийг санал болгодог.

Жаргал Дефакто: Нислэгээс хамаарч өргөтгөж болно гэсэн үг үү?

Элчин сайд:           Тийм ээ.

Жаргал Дефакто: Онгоцны талаарх сүүлийн асуулт. Бидэнд арилжааны хувьд хэрэгжиж болохуйц төсөл бий юу? Монгол бол өргөн уудам орон. Иргэний агаарын тээвэргүйгээр Монголын ирээдүйг төсөөлөхийн аргагүй. Олон зориулалттай онгоцнууд байдаг. Тухайлбал, онцгой байдлын үед ашигладаг онгоцнууд. Энэ талаар ямар нэг хэлэх зүйл байна уу, эхлээд явж байгаа төсөл бий юу?

Элчин сайд:           Байгаа шүү. Бид Иргэний Нисэхийн Ерөнхий Газартай хамтран нисгэгчийн тусгай зөвшөөрлийн систем, бүс нутгийн иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх, мөн удахгүй олон улсын нисэх буудал байхаа болих учраас сургалтын зориулалтаар ашиглаж болох одоогийн олон улсын нисэх онгоцны буудлыг үр ашигтай ашиглах чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн.

Жаргал Дефакто: Бидэнд ярилцах зүйлс маш их байна. Гэсэн хэдий ч бидэнд цаг маш бага байна. Гэхдээ бид олон чухал зүйлсийн талаар ярилцаж амжлаа. 70 жилийн ой тохиож байна. Магадгүй 30 жилийн дараа, 100 жилийн ой дээр хэн нэгэн энд сууж, хамтын ажиллагааны талаар арай өөр түвшний талаар ярих байх. Элчин сайд аа, та ажлаа маш сайн гүйцэтгэж байгаа. Та мөн ЭСЯ-аа өргөтгөснийг би мэднэ. Ингэснээр Монголчууд визээ мэдүүлэхдээ хүйтэн гудамжинд гадаа зогсолгүй, илүү тав тухтай хүлээх боломжтой болсон. Одоо тэд ЭСЯ-нд ирж, визийн мэдүүлгээ өгөхдөө хүлээхэд илүү тохь тухтай болжээ. Танай ЭСЯ-ны байр харин өөр түүхтэй. Танай улс энэ барилгыг барьсан, дараа нь зарсан, одоо түрээсэлж байгаа. Энэ бол улс орны хийж болох сонирхолтой боловч алсын бодолгүй алхмуудын нэг. Элчин сайд аа, тантай ярилцах үнэхээр сонирхолтой байлаа. Би таны энэ эрч хүч, урам зоригийг харж байна. Хоёр улсыг илүү ойртуулж, Чехэд амьдарч буй монголчуудад илүү тав тухтай байх боломжийг олгож байгаа танд маш их баярлалаа. Баярлалаа эрхмээ.

Элчин сайд:           Маш их баярлалаа. Таны зөв. Хэрэв би тухайн үед буюу барилгыг зарах тухай яриа гарах үед Элчин сайд байсансан бол уг барилга зарагдахгүй байсан.

Жаргал Дефакто: Та үүнийг зарахгүй байсан. Маш их баярлалаа.

Элчин сайд:           Баярлалаа.

 

Ярилцлагыг эндээс үзэх боломжтой.