монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Gogo.mn
Article notification Print Decrease font size Increase font size

Чехүүд монголчуудтай хамтран бизнес хийх сонирхол их байдаг

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Ийржи Бродскийн 2020 оны 1-р сарын 2-ны өдөр Gogo.mn -д нийтлэгдсэн ярилцлагыг хүргүүлж байна.

БНЧУ-ын Элчин сайд Иржий Бродский: Чехүүд монголчуудтай хамтран бизнес хийх сонирхол их байдаг

Танд шинэ оны мэнд хүргэе. Монголд томилогдон ирэхээс өмнөх таны ажлын туршлагын талаар яриагаа эхэлье?
-Баярлалаа та бүхэнд болон уншигчдад ч мөн шинэ оны мэнд хүргэе. Би Чехийн дипломат албанд 16 жил ажиллаж байна. Анх Лондонгийн Эдийн засгийн сургуульд сурч байгаад дараагаар нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст шинжээчээр ажилд орох өргөдөл гаргаж, шигшигдэн тэнцэж байлаа. Түүнээс хойш хоёр жилийн дараа хэлтсийнхээ орлогч дарга болсон ба тэндээ бараг 10 жил ажиллаад дараа нь Гадаад харилцааны яаманд Хойд болон Зүүн Европын газарт ажиллаж эхэлсэн. Тус газарт би Дани улсад томилогдохоор бэлтгэж байсан бөгөөд Данид элчин сайдын албыг дөрвөн жил хашиж, дараагаар нь шууд Монгол Улсад томилогдсон бөгөөд өдгөө ирээд хоёр жил болж байна.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Иржи Бродскийг Итгэмжлэх жуух бичиг гардуулж байгаа нь (2017 оны 9-р сар)

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Иржи Бродскийг Итгэмжлэх жуух бичиг гардуулж байгаа нь (2017 оны 9-р сар)

-Мэдээж хоёр улсын хооронд асар их ялгаа бий. Даниас Монголд ирэхэд анх ямар сэтгэгдэл төрсөн бэ?
- Монгол орны цаг агаар Даниас илүү хүйтэн санагдсан. Гэхдээ ажлын орчин, хүмүүсийн хоорондын харилцаа харин ч эсрэгээрээ илүү дулаахан гэж би тодорхойлно. Энгийнээр хэлэхэд, Монгол, Чех хоёр улсын харилцан ойлголцол нь ижил түүхэн замналаас улбаатай бөгөөд маш дотно, найрсаг байдаг. Мөн бид нэг нэгнээ маш сайн ойлгодог.

Монгол улс гайхалтай сонголт байсан. Миний бие улсынхаа ерөнхийлөгчтэй хамт 44 оронд нийт 89 удаа зочилсны хувьд ямар улсад томилогдох хүсэлт гаргаж буйгаа сайн мэдэж байсан. Би 2006 онд ерөнхийлөгчтэй хамт Монголд ирж байснаа дурсан санаж, зориуд Монголыг сонгосон. Монгол улс бол Чех улстай онцгой харилцаатай орон. Тиймээс би Монголд ажиллах хүсэлтээ гаргасан. Би зөвхөн Европын улсуудаар хязгаарлагдахыг хүсээгүй юм. Дипломат хүмүүс зөвхөн тухайн бүс нутгийн тухай мэдлэгээс илүүтэй өргөн хүрээний мэдлэг, ур чадвартай байх ёстой гэж би боддог.

-Энэ жил манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болж байна. Ойн хүрээнд 2020 онд ямар чухал үйл явдлууд болох вэ?
-Энэхүү ойг дурдсанд баярлалаа. Чех-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баярыг угтан бид Сүхбаатарын талбай дээр Карлын гүүр болон Гэгээн Вит, Ваацлав, Войтех нарын сүмийн мөсөн хөшөө баримлыг гэрэлтүүлэн нээлээ.

Баруун талаас БНЧУ-ын Элчин сайд Ийржи Бродский, зураач, сийлбэрч Ц.Батмөнх, дизайнер П.Сэргэлэн

Баруун талаас БНЧУ-ын Элчин сайд Ийржи Бродский, зураач, сийлбэрч Ц.Батмөнх, дизайнер П.Сэргэлэн

Энэ жил бид олон нийтийн дипломат үйл ажиллагааны хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэж байна. Жишээ нь бид үргэлжлүүлэн Чехийн кино продакшн, жазз хөгжим, гудамжны урлагийн талаар танилцуулах болно.

Түүнчлэн Европын өдрөөр Улаанбаатар хотын төв талбайд олон төрлийн Чех бүтээгдэхүүнийг танилцуулна. Бид энэ ойг зөвхөн дипломат хүлээн авалтан дээр тэмдэглэх хүсэхгүй байгаа. Үүнээс гадна Монголын ард түмэнд зориулагдсан арга хэмжээг аль болох өргөн хүрээнд зохион байгуулж тэмдэглэх нь зүйтэй. Тиймээс саяхан миний бие МҮОНТ-ийн гүйцэтгэх захиралтай уулзалт хийж, бид Чехийн телевизтэй холбоо тогтоон "Нисдэг Честмир", "Арабела" зэрэг Чехийн алдартай цуврал кинонуудыг эргүүлэн хүргэхээр болсон. Мөн Монголд алдартай болж болох Чехийн телевизийн шинэ бүтээлүүдийг ч гаргах төлөвлөгөөтэй байна.

Гадаад бодлогын тухайд бид мэдээж өндөр түвшний айлчлалаа үргэлжлүүлэх болно. Бид гуравдугаар сард Эрүүл мэндийн сайдын айлчлалыг аль хэдийн төлөвлөөд байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Чехийн эрүүл мэндийн технологи болон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд багтах юм. Мөн бид Гадаад харилцааны сайдын айлчлалыг бэлдэж байгаа ба энэхүү айлчлал нь 6 сарын эхэн үеэр тахийг Говийн дархан цаазат Б хэсэгт нутагшуулах 10 жилийн ойн хүрээтэй холбоотой болно гэж найдаж байна. Энэ бол хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны голлох ажлын нэг бөгөөд амжилттай үргэлжлүүлж буй өвөрмөц төсөл юм. Бид ойн арга хэмжээг ийм байдлаар тэмдэглэх хүсэлтэй байна.

- Сүүлийн 70 жилийн хугацаанд бидний хамтын ажиллагааны гол үйл явдлууд юу байсан гэж та бодож байна вэ?
-Манай хоёр улс Зөвлөлтийн дагуул улсууд байсан гэдгийг та мэднэ шүү дээ. Хоёулаа коммунист эрин үеийг туулсан. Монгол, Чехословак улсууд бие биетэйгээ хамтран ажиллаж, маш дотно түншүүд байсаар ирсэн. Учир нь Монгол улсын хувьд Чехословак нь худалдааны хоёр дахь том түнш байсан. Бид Монголын гадаад худалдааны 6 хувийг бүрдүүлж байснаараа Зөвлөлт Холбоот Улсын дараа орж байв.

Мөн олон Чехийн экспертүүд, ялангуяа геологич, барилгын инженерүүд энд ажиллаж, Монголд чухал хувь нэмэр оруулсан. Чехийн бүтээгдэхүүнүүд Монголд түгээмэл байсан ба тэдний нэгээр тухайн үед нийтийн тээвэрт ашигладаг байсан “Кароса” автобусыг нэрлэж болно. Мөн “Ява” мотоцикль, “Шкода” машин, “Татра” ачааны машин, “Батьяа” гутал зэргийг дурдаж болно. Бид арьс шир боловсруулах, ус цэвэрлэх, ойн аж ахуй, дэд бүтцийг хөгжүүлэх, Улаанбаатар хотын эмнэлэг, болон бусад олон нийтийн барилга барих, Эрдэнэтийн уурхай болон бусад уул уурхайн чухал цэгүүдийг олж илрүүлэх зэрэгт гар бие оролцож байсан зэрэг нь хоёр талын харилцааны чухал үйл явдлууд болсон.



Өөр бас нэг онцлох үйл явдал бол манай хоёр улс 1990 онд ардчилсан шилжилтийг эхлүүлсэн явдал байв. Бид бие биенээ олон улсын түвшинд дэмжихээ ч үргэлжлүүлж, харилцаагаа хөндийрүүлэлгүй хамтарсаар ирсэн. Хэдийгээр түр хугацааны зогсолт байсан ч гэсэн үүнийг би жам ёсны гэж бодож байна. Учир нь  1990-ээд оны эхээр бидэнд зөвхөн Зөвлөлтийн улсаар хязгаарлагдахгүй дэлхийн өөр улсуудтай харилцах боломж хоёуланд маань нээгдсэн юм. Тиймдээ ч бид эцэст нь эргэн нэг нэгнээ олж, үүний үр дүнд 1993 онд “Бүгд Найрамдах Чех Улс” болсон бид Монголыг хөгжлийн хамтын ажиллагааны  тэргүүлэх улсуудын жагсаалтад оруулсан. 1996 оноос хойш Бүгд Найрамдах Чех улс нь 50 гаруй сая ам.долларын өртөгтэй хөгжлийн төслүүдийг миний өмнө нь дурьдсан 1990 оноос ч өмнө байсан, алдартай салбаруудад хэрэгжүүлсэн. Тиймээс миний харж байгаагаар өнгөрсөн 70 жилийн хугацаанд өрнөсөн онцлох үйл явдлуудаар эдгээрийг дурдаж болно.

Бүгд Найрамдах Чех Улсын хувьд гадаад харилцааны гол хүсэл эрмэлзлийн нэг нь НАТО, болон Европын Холбоонд элсэх явдал байв. Европын холбооны тойргийг харахад Бүгд Найрамдах Чех улс бол Монгол улсын хувьд Европын холбоон дахь хамгийн дотно түнш улс юм. Бид олон жилийн турш бие биенээ мэддэг, сайн ойлгодог, хязгаарлагдмал эрх чөлөөг туулж явсан учраас эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн үнэ цэнийг мэддэг бөгөөд олон улсын тавцанд чөлөөт худалдаа, зах зээлийн эдийн засгийг хамгаалагчдын тоонд багтдаг. 

Бүгд Найрамдах Чех Улс нь Монгол улсыг GSP+ гэж нэрлэгддэг Хөнгөлөлтийн ерөнхий системийн (Generalised Scheme of Preferences (GSP)) хүрээнд Монголын 6200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Европын холбооны гишүүн улсуудад ямар ч гаалийн татваргүйгээр экспортлоход ихээхэн дэмжлэг үзүүлдэг. Энэ утгаараа Чех улс та бүхний Европын холбооны улсуудтай харилцах гүүр болохоос гадна Монгол Улс ч Чехийн компаниудыг Зүүн Өмнөд Ази руу хөтлөх гарц болж чадна.

-Одоогийн байдлаар манай улсад Чехийн хичнээн компани, байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
-Энд Чехийн хоёр компани, хоёр төрийн бус байгууллага ажилладаг. “Финеп” компани Эрдэнэт хотод орон нутгийн түнштэй хамтран орон сууцны барилгын ажил гүйцэтгэж байна. Мөн “Хаанзаа” компани бохир ус цэвэрлэх байгууламжийн олон төслийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн Чех улсад төвтэй маш идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд бол “Пийпл ин Нийд” болон “Харитас” нар юм. Мөн бид Прагт оффистой АДРА ОУБ-тай хамтарч ажилладаг.

Тиймээс эдгээр ТББ-ууд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаад би баяртай байдаг. Миний зорилго бол Монгол Улстай хамтран бизнес эрхлэх Чех компаниудын тоог нэмэгдүүлэх явдал бөгөөд энэ нь ЭСЯ-ны хувьд нэн тэргүүний зорилт юм.

-Чехийн Хаанзаа компани бохир усыг цэвэршүүлэх төслүүдийг хэрэгжүүлж байгаа гэж та яриандаа дурдлаа. Ирээдүйд бид цэвэр усны хомсдолтой болно гэж мэргэжилтнүүд тодорхойлсон. Тиймээс саарал ус ашигладаг өөрсдийн туршлагаасаа хэрхэн хуваалцаж байна вэ?

-Тийм ээ, бид Чехийн “Экспертийн дэмжлэг” гэж нэрлэгддэг тусгай хөтөлбөрийн  давуу талыг ашиглахыг эрмэлздэг. Үүнийг Чехийн Хөгжлийн Агентлаг удирдан зохион байгуулдаг ба Чех улсаас энэхүү дэмжлэгийг авахаар дэлхийн бусад орнуудтай өрсөлдөх тал дээр Монгол Улс амжилттай байж чаддаг. Саяхан манай цэвэрлэх байгууламжийн экспертүүд Улаанбаатар хотын “Ус сувгийн удирдах газар”-т ажиллаж, “Харгиа” урьдчилан цэвэрлэх байгууламжийн орчмын арьс шир боловсруулах үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөгөө өгч байна.

-2015 онд Монголын төрийн өмчит компани Чехийн хувийн компанитай хамтран “МонЧехУраниум” компанийг байгуулж байсан. Үйл ажиллагааны гол чиглэл болон байгуулагдсанаасаа хойш ямар төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна вэ?
-Тэд цацраг идэвхт ашигт малтмалын геологийн судалгаанд гол анхаарлаа хандуулан ажилладаг. Чехийн компани  Монгол улсын төрийн өмчит компани болох "Монатом" ХХК-тай хамтран хоёр хамтарсан компани байгуулсан. Эдгээр нь "МонЧехУраниум" болон уран олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч "ГурванСайхан" ХХК компаниуд юм.  

2020 онд баяжмал үйлдвэрлэлийн туршилт хийгдсэн байх болов уу. Манай Элчин сайдын яам уг компанитай харилцаа холбоотой байдаг бөгөөд тэдний үйл ажиллагааг сонирхож байдаг. Тэд Монголд хувь нэмрээ оруулж буй Чехийн геологийн мэргэжилтнүүдийн түүчээг үргэлжлүүлж яваа бөгөөд цаашлаад орон нутгийнхантай хамтран ажиллах болон орон нутгийнхан эзэн нь байх чухал загварыг аль хэдийнэ бий болгосон. Энэ нь зөвхөн уул уурхай төдийгүй бусад салбарт ч мөн адил өндөр ач холбогдолтой гэж би бодож байна.

-Чехийн хөрөнгө оруулагчид монголчуудад хэр их итгэдэг вэ?

-Бидний харж байгаагаар Чехийн хөрөнгө оруулагчид, цаашлаад бизнесийнхэн монголчуудад итгэх итгэл жил бүр өсч байдаг.  Бид жил бүр Монголд бизнесийн төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгуулдаг ба энэ үеэр тэдний сонирхол маш их байгаа нь анзаарагддаг. Өнгөрсөн жилийн аравдугаар сард Чехийн Сенатын танхимын Ерөнхийлөгч тусгай үүргийн нислэгээр Монголд албан ёсны айлчлал хийсэн бөгөөд түүнтэй хамт онгоц дүүрэн Чехийн бизнес эрхлэгчид ирсэн. Бид маш хялбархнаар хоёр онгоцтой ирэх боломжтой байснаас тэдний сонирхол ямар өндөр байгааг харж болохоор юм. Иймд бид бүртгэл хийхдээ тоонд хязгаарлалт хийх шаардлагатай болж байсан. Үүнээс харахад Чехүүд Монголд болон Монголчуудтай бизнес хийх маш өндөр сонирхолтой байгаа нь илт байна.

-Тэд чухам ямар салбарыг илүү их сонирхдог юм бэ?
-Уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, эрүүл мэнд, дэд бүтцийн бүтээн байгуулалт, иргэний агаарын тээвэр, байгаль орчин зэрэг уламжлалт салбарууд бий. Ховордсон амьтдыг хамгаалах чиглэлээр бидний үргэлжлүүлэн хамтран ажиллаж буй чухал салбар бол ойн аж ахуй болон миний өмнө нь дурдсан бусад салбарууд юм. Эдгээр нь үндсэн чиглэлүүд боловч дэвшилтэт технологи, ухаалаг шийдэл, шинэ технологийн хувьд Чех улс харьцангуй давуу талтай. 

Евро стандартад нийцсэн хамгийн ухаалаг технологи, мөн хиймэл оюун ухаан, интернетийн шийдлийг онцолж хэлмээр байна. Монголчууд интернэт орчинд маш идэвхтэй байдаг бөгөөд Монгол улсыг Фейсбүүк орон гэж Чех компаниудад би үргэлж хэлдэг. Хүмүүс онлайнаар худалдаа хийж, онлайнаар шилжүүлэг хийх нь улам бүр нэмэгдэж байна. Тиймээс чехүүд санхүүгийн үйлчилгээний салбарт ч Монгол түншүүдтэй хамтран ажиллах сонирхолтой байдаг. Бид мөн дэвшилтэт технологид суурилсан, илүү үнэ цэнэтэй салбарт анхаарлаа хандуулж байна.

ЧЕХ УЛС ТЭНД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДЭД МАШ ТААТАЙ БАЙДАГ

-Чех улсад хичнээн монголчууд байдаг болон тэд гол төлөв ямар салбарт ажилладаг вэ?
-Чех нь Европ дахь хамгийн олон монголчууд байдаг улс гэдгийг та мэдэх байх. Одоогийн байдлаар Чех улсад 10 мянган монголчууд ажиллаж амьдарч байна. Тэд Чехийн компаниудад ажилладаг ба тэдгээр компаниуд монголчуудад их талархалтай ханддаг. Чех улс ч мөн адил Чехэд амьдарч буй монгол иргэдэд маш таатай байдгийг нэмж хэлмээр байна.

Тэд үнэхээр хичээнгүй, найрсаг бас Чех хэлийг сурах зэргээр маш сайн дасан зохицдог. Цагдаагийн байгууллагын статистикаас харахад тэд гэмт хэрэгт холбогддоггүй, ажиллаж буй компанидаа ч үнэнч байдаг. Эдгээр нь хоёр улсын соёл иргэншлийн орчин ижил төстэй байдагтай холбоотой байх. Тийм ч учраас Чехийн Засгийн газар Монголоос ажилчид ажилд авах тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.

Монголчуудад ажиллах зөвшөөрлийн 1000 квотыг нэг жилд олгож байна. Гэхдээ тус хөтөлбөрөөс гадна түүнээс ч илүүг хүлээн авах боломжтой байдаг учраас энэ тоо 1200 хүрдэг. Тэд ихэнхдээ мах боловсруулах, арьс шир боловсруулах болон автомашин үйлдвэрлэлийн салбарт ажилладаг. Учир нь Чех улс нь автомашин үйлдвэрлэлээрээ Төв Европын их гүрэн гэж хэлж болно. 

Бид Volvo автомашины арьсан суудал үйлдвэрлэдэг. Бид Шкода машин болон Toyota, Peugeot, Citroen-ы хамгийн жижиг загварын машинуудыг үйлдвэрлэдэг. Бид мөн Hyundai брендийн машин үйлдвэрлэдэг. Бид дугуй, жолооны хүрд, хяналтын самбар зэрэг машины эд анги бүхнийг үйлдвэрлэдэг ба монголчууд энэ салбарт маш сайн ажилладаг. Мөн хүнс боловсруулах үйлдвэрт монголчууд сайн ажилладаг. Чехэд хүнс боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг,  Монголчуудыг ажиллуулахдаа баяртай байдаг олон төрлийн компани байдаг. Цаашдаа бид илүү олон мэргэжилтэн хүлээн авахыг зорьж байна. Дээд боловсролтой, ур чадвартай мэргэжилтэн урьж ажиллуулах квот жилд 30 байдаг.

Илүү эерэгээр харвал эдгээр хүмүүс Чех улстай харилцаа холбоо тогтоон, тусгайлсан туршлага, ноу-хоутай нутагтаа ирэх болно. Үүнийг мөн 1990 оноос өмнө манай улсад сурч байсан Чех, Словакийн их, дээд сургуулийн Монголын 20 гаруй мянган төгсөгчдийн жишээнээс харж болно. Тэднийг Чех Монголыг холбох өөр нэгэн элчин сайд нар болохыг би өдөр тутамдаа харж байдаг. Би энд жишээ болгон Чех Монголын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулдаг “Алтан тариа” ХХК-ны захирал П.Цэнгүүн болон бусад төгсөгчдийг дурдмаар байна. 

-Хоёр улсын Засгийн газар хоорондын нийгмийн хамгааллын 2019 оны хэлэлцээрийг байгуулсан. Уг хэлэлцээрийг байгуулснаар гарах давуу тал юу вэ?
-Чех улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудад, мөн Монголд ажиллаж байгаа чехүүдэд хоёуланд нь ашигтай хэлэлцээр. Тэд аль нэг улсад ажиллаж байхдаа даатгалаа зөвхөн нэг улсад л төлнө гэж гэрээнд заасан байгаа. Аль нэг улсад ажилласан жил нь нөгөө улсад ажилласан хугацаанд тооцогдон тэтгэвэрт тусгагдана гэсэн үг юм.

Монгол улсын хувьд энэхүү гэрээнд Чех улс 1995 оноос хойшхи тэтгэврийг буцаан үйлчлэх байдлаар төлнө гэж заасан байдаг. Тиймээс 1995 оноос хойш Чех улсад ажиллаж байсан монголчууд ирээдүйн тэтгэвэртээ тооцох боломжтой. Одоогоор соёрхон батлах үйл явц үргэлжилж байгаа ба  энэ оны эхээр  Чехийн талын хоёр танхим соёрхон баталж Ерөнхийлөгчийн тамгын газарт хүрч баталгаажина хэмээн найдаж байна. 

- Чех улс руу нэвтрэх монголчуудын виз олголт жилдээ хэд байдаг вэ?
-Манай элчин сайдын яамнаас 3800 монголчуудад Шенгений виз олгосон байна. Түүнчлэн Швейцари, Словак, Польш, Эстони, болон Литви улсыг богино хугацааны Шенгений виз олгох тал дээр манай Элчин сайдын яам Монголд төлөөлж байгааг дурдах нь зүйтэй.

-Тэд ихэвчлэн ямар төрлийн визийн ангиллаар зорчдог вэ?
-Тэд жуулчны болон бизнесийн гэх мэт богино хугацааны визийн хүсэлтийг голчлон мэдүүлдэг. Бид дээр дурдсанчлан ажиллах гэрээгээр жилд 1200 хүн явдаг учраас тэнд амьдарч байгаа монголчуудын гэр бүл нэгдэх визийн хүсэлт ихэсч байгаа нь анзаарагдаж байна. Хүн гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ хамт байхыг хүсдэг нь жам ёсны зүйл юм. Шенгений богино хугацааны виз олголт жилд дунджаар 10 хувиар өсдөг.

-Та иргэдийн цаг авах системийг өөрчилж, Чехийн визийн төвийг нээсний дараах гарсан дэвшлийг дурдвал?
- Үүний тухайд бид маш сайхан мэдээтэй. Бид утсаар бүртгэдэг байснаа цуцалсан бөгөөд Шенгений виз хүлээн авах ажлыг DHL-ийн байранд байдаг VFS төвөөр дамжуулуулах болсон. Хүмүүс өмнө нь виз мэдүүлэх хүсэлт гаргах шаардлагагүйгээр шууд VFS төвд очиж бүртгүүлэх эсвэл онлайнаар VFS төвөөс цаг авах боломжтой болсон. Энэхүү цаг авах суваг нь эерэг үр дүнгээ өгч байгаа.

Шенген нь богино хугацааны виз олгоход бидэнд 15 хоногийн хугацаа өгдөг хэдий ч Элчин сайдын яам ихэвчлэн VFS төвд өргөдлөө ирүүлснийх нь маргааш нь хүлээн авч ажлын 2-3 хоногт виз олгодог. Бид үүнээс түргэн хугацаанд виз олгох ямар ч боломжгүй юм. Учир нь бид мэдээллийг зөвхөн цааш илгээдэг бөгөөд энэ нь Шенгений мэдээллийн системээр дамжуулж тухайн хүний визний талаар ямар нэгэн сөрөг түүх,  мэдээлэл байгаа эсэхийг давхар шалгадаг. Бид Sky Plaza-тай нягт хамтран ажилладагаа дурдмаар байна. Учир нь намайг хоёр жилийн өмнө ирэхэд иргэд элчин сайдын яамны гадаах үүднээс гудамж хүртэл дугаарлан зогсож байхыг хараад надад тийм ч сайхан санагдаагүй.

Тиймээс бид шинэ байр барихаар тохирсон бөгөөд одоо иргэдийг агаарын бохирдол, гадаах хүйтэн болон замын ослоос хамгаалсан аюулгүй, дулаан, тохь тухтай хүлээн авах шинэ байртай болсон. Энэ бол консулын байр, боловсон хүчнийг хоёуланг нь өргөтгөсөн, хүндтэй Элчин сайдын яам юм.

Манай консулын хэлтэс тогтворжсон гэж хэлж болно. Гэхдээ надад үлдсэн нэг даалгавар бол танай уншигчдад хүргэх нэгэн онцгой анхааруулга юм. Ажил эрхлэх зөвшөөрөл хүсэх хэн бүхэн тухайн компанид шууд хандалгүйгээр, зуучлагчдад найдан мөнгө бүү өг. Бид Монголын Цагдаагийн байгууллагатай хамтран эдгээр зуучлагч нартай тэмцэж байгаа. Тиймдээ ч Монгол улсад зориулсан горимд бүртгэлтэй Чехийн нийт 43 компанийн жагсаалтыг олон нийтэд нийтлэх саналыг төв байгууллагадаа тавиад байна. Ингэснээр өргөдөл гаргагчид тухайн компанитай, хүний нөөцийн хэлтэстэй нь шууд холбогдох боломжтой бөгөөд зөвхөн мөнгийг нь авах гэсэн хуурамч зуучлагчдад найдах шаардлагагүй болох юм.

МАНАЙ УЛСЫН АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН ЕВРОПТОО ХАМГИЙН БАГАД ТООЦОГДДОГ

-Та томилогдоод удаагүй байхдаа хоёр орны худалдаа болон бизнесийн салбарыг хөгжүүлэх зорилго тавьж байна гэдгээ нэгэн ярилцлагад дурдсан байсан. Тэгвэл зорилгоо хэр биелүүлээд байна вэ?
-Бүгд Найрамдах Чех улс бол экспорт руу илүү чиглэж, экспортонд тулгуурласан улс бөгөөд нээлттэй эдийн засгийн сурах бичиг л гэсэн үг. Манай экспортын 83 хувь нь Европын Холбооны орнуудад хүрдэг нь бид ихэнх өндгөө нэг сагсанд хийж байгаагаас өөрцгүй юм. Тиймээс бид экспортоо улам төрөлжүүлж, Азийн зах зээл рүү орох шаардлагатай байна. Үүнийг бизнес эрхлэгчид ч хэлдэг юм. 

Чехийн эдийн засаг тун амжилттай явж байна.  Манай улсын ажилгүйдлийн түвшин Европтоо хамгийн багад тооцогддог ба үүнээс шалтгаалж Чехийн компаниуд  Монголоос төдийгүй ажиллах хүчний эрэл хайгуулыг хийдэг билээ. Манай эдийн засаг 2.5 хувиар буюу Европ стандартаар бол тун боломжийн өсөлттэй байгаа. Улс төрийн хувьд ч тогтвортой байна. Нэг хүнд ногдох Чехийн экспортын хэмжээ 41 сая төгрөгтэй тэнцэх бөгөөд энэ нь Чехээс харьцангүй том улс болох Германы нэг хүнд ноогдох экспортын хэмжээ болох 40 сая төгрөгтэй харьцуулахад тун сонирхолтой баримт юм. БНЧУ нь экспортын хувьд маш үр ашигтай байдаг нь их сонирхолтой.

Тиймээс бидний хоёр талын худалдааг нэмэгдүүлэх аргачлал нь бизнес эрхлэх, мэргэжилтнүүдийн солилцоог дэмжих, салбарт чиглэсэн бизнес эрхлэгчдийн хоорондох уулзалт зохион байгуулах явдал юм. Жил бүр бид эдийн засгийн дипломацийн  төслүүдийг боловсруулж, Чехийн компаниудыг Монголд ирэхэд нь дэмжиж, тэдэнд зориулсан тусгай уулзалтыг зохион байгуулж, Монголын талтай харилцах боломжийг олгодог.  Мөн бид тэдэнд Монгол түнш олж өгөхөөр зорьж ажилладаг. Бид элчин сайдын яамны хүрч ажиллаж чадахгүй  Чехийн бизнес эрхлэгчдэд зориулж, тэдэнд үйлчилгээ үзүүлэх “Чехийн бизнесийг дэмжих төв”-ийг, түүнийг удирдан үйл ажиллагааг нь хариуцах Монгол түншүүдтэй хамтран өнгөрсөн онд нээсэндээ миний бие маш баяртай байна.  Энэхүү төв нь тендерийн баримт бичгийг бэлтгэх, эсвэл урт хугацааны туршид хамтрах орон нутгийн түнш олоход нь тусалдаг. Эдгээр нь хоёр улсын худалдааг хөгжүүлэх бидний аргачлал юм. 

-Ажиллах хугацаандаа Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтыг хоёр оронтой сая ам.долларын дүнд хүргэхийн тулд би хичээх болно хэмээн ярилцлагадаа мөн дурьдсан байсан. Энэ тоо зорилтот дүндээ хүрсэн үү?

-Тоон үзүүлэлтийн хувьд хараахан үгүй. Гэхдээ би эрчим хүчний салбарын нэг төслийн тухай ярьж байсан юм. Тэр бол бидний гол анхаарал хандуулах төсөл юм. Бид УБЦТС ТӨХК-тай хамтарсан үйлдвэр байгуулж, орон нутгийн хүмүүсийг ажиллуулж, чех технологи болон ноу-хауг ашиглан танай эрчим хүчний сүлжээнд зориулж ухаалаг тоолуурын систем үйлвэрлэхийг эрмэлзэж байна. Энэ нь илүү үр дүнтэй, илүү орчин үеийн, илүү шинэлэг зүйл байх болно. Бид өнөөгийн худалдааны эргэлтээс дөрөв дахин их буюу 70 сая ам.долларын хөрөнгө оруулалтын талаар ярьж байна.

Чехийн компани энэхүү хамтарсан үйлдвэр байгуулах хууль эрх зүйн бичиг баримтаа бүрдүүлж санал болгосон бөгөөд үүгээрээ амласан амлалтаа биелүүлсэн юм. Энэхүү баримт бичгийг бүрдүүлэхэд Монгол хуульчид хөлсөлсөн бөгөөд тэд эдгээр бичиг баримт Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн гэсэн байна. Тийм учраас бид үүнийг танай Эрчим хүчний яаманд хүргүүлсэн бөгөөд УИХ-ын сонгуулиас өмнө уг бичиг баримтыг баталж өгнө хэмээн найдаж байна.

ТА БҮХЭН ЭХ ОРНОО ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ГЭЖ БОДДОГ БАЙХ, ГЭХДЭЭ БОДОЖ БАЙГААГААС ЧИНЬ ИЛҮҮ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ НУТАГТАЙ

- Та Монгол улсад ажиллаад багагүй хугацааг үдлээ. Энэ хугацаанд хамгийн их сэтгэлийг тань хөдөлгөсөн зүйл юу байв?
-Монгол хүмүүс надад их сэтгэгдэл төрүүлж чаддаг. Энэ нь миний хувьд ажилдаа дуртай байх гол хөдөлгөгч хүч юм. Мөн Монгол орны гоо үзэсгэлэн надад хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн. Та бүхэн мэдээж өөрийн эх орноо үзэсгэлэнтэй гэж боддог байх,  гэхдээ бодож байгаагаас чинь илүү үзэсгэлэнтэй газар нутагтай юм шүү. Би Улаанбаатарт л ажилладаг элчин сайд байхыг хүсдэггүй. Би өөр өөр аймгуудаар явж, Засаг дарга нартай ярилцахыг эрмэлздэг. Энэ жил ч мөн адил үргэлжлүүлэн энэ аяллаа хийх болно. Миний бодлоор энэ нь хоёр орныг илүү ойртуулах нэгэн арга зам бөгөөд ингэж ажиллах ч надад хамгийн таатай санагддаг. 

Танай орон үнэхээр үзэсгэлэнтэй. Та хэрвээ хойд зүг рүү аялавал сэтгэлийг тань үнэхээр хөдөлгөж чадна. Учир нь энэ хэсэг илүү уулархаг, ногоон ой мод их байдаг учраас хүн өөрийгөө дэлхийн нэгэн хэсэг гэдгээ мэдэрч болохоор санагддаг. Мөн тэнд та газар тариалан, үр тариа болон улаан буудай дүүрэн хөндийг харж болно. Харин та өмнө зүгт аялвал гайхалтай говь цөл болон зэрлэг амьтдыг үзэх болно. Монголчуудад амьтны хүрээлэн хэрэггүй, яагаад гэвэл байгальдаа маш олон төрлийн баялаг амьтадтай бөгөөд энэ нь та бүгдэд байгаа маш том хөрөнгө юм.



Түүнээс гадна гэрэл зураг авахуулахад ч гайхалтай нутагтай гэдгээрээ мөн давуу талтай. Тийм ч учраас би хоёр орны хооронд аялал жуулчлалыг хөгжүүлэхийг хичээж байгаа ба хоёр улсын хооронд зорчих визний нөхцлийг хөнгөвчлөх талаар бас ярилцаж байна. Мэдээж бид Шенгений визний системд байгаа хэдий ч виз олгох горимын тухайд хөнгөвчлөх арга замууд бий гэж бодож байна. Монголд жилд ирэх чех жуулчдын тоог 1000-с давуулах боломжтой гэж бодож байна.

Мөн монгол хүмүүсийн гайхалтай зочломтгой зан чанарыг дурдахгүй байхын аргагүй. Хаана ч очсон хүмүүс нь маш зочломтгой байдаг. Мөн тэд хоол хийхдээ их сайн, заримдаа төсөөлж ч байгаагүй газарт тун амттай хоолыг хийдэг гээч. Энэ нь бас надад сайхан санагддаг.

-Нөгөөтэйгүүр, сэтгэл гонсойлгосон зүйл байвал та бидэнд нээлттэй хэлээч? Магадгүй монголчуудын засч, залруулаасай гэсэн хандлага, зан төлөв гэх мэт бидний хөгжилд саад болж буй зүйл байж болох юм.
-Элчин сайдууд ажиллах хугацаандаа бухимдах эсвэл сэтгэл гонсойх ёсгүй л дээ. Энэ нь ямар ч элчин сайдын хувьд ажлын буруу аргачлал юм. Та намайг энэ асуултад гарцаагүй хариулахыг хүсэж байгаа бол хэн хүнд гуниглах үе байдаг шүү дээ. Жишээ нь, би мөсөн баримлын талаар дурдаж байсан. Бид хүүхдүүд суугаад зураг авахуулах боломжтой мөсөн жижиг сандал, гацуур мод, хүүхдийн баримал Сүхбаатарын талбайд байрлуулсан юм. Хүүхдийн мөсөн баримал маань одоо тэнд байхгүй болсон. Учир нь түүнийг эвдэлж, сүйтгэж талбайгаас авчихсан байсан нь миний сэтгэлийг эмзэглүүлсэн. Хүмүүс ямар нэгэн зүйлийг бүтээхын оронд өөр нэгэн зүйлийг сүйтгэж байгааг харахад надад гунигтай санагддаг. 

Мөн би манай Консулын газарт хуурамч бичиг баримт, хуурамч банкны данс эсвэл хуурамч мэдээлэл өгөх оролдлогыг өдөр бүр хийдэгт би харамсаж явдаг. Нэг үгээр зарим нь визний өргөдөл гаргахдаа Элчин сайдын яамаар тоглоом тохуу хийж байгаагаас өөрцгүй байдаг. Үүнд миний сэтгэл гонсгор байдаг ч манай Чехийн элчин сайдын яаманд эерэг хандлага илүү их ноёрхдогийг дурдмаар байна.



- Энэ жил агаарын бохирдол харьцангуй бага байгааг та анзаарсан байх. Улаанбаатарын агаарын бохирдлын талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Мэдээж энэ бол том асуудал. Хэн ч үүнийг нэг л өдөр гэнэт өөрчилж чадахгүй. Дахин хэлэхэд, Чех улс энэ асуудалд туслахыг хичээдэг. Өнгөрсөн жил бид орон нутгийн жижиг төслийн хүрээнд янданд зориулсан Чех технологийг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлсэн.

Тодруулбал, уг Чехийн технологийг гэр хороололд суурилуулсан бөгөөд түүнээс гадна утаа мэдрэгч суурилуулах зорилгоор уг төслийг “Пийпл ин Нийд” ТББ-тай хамтран өөрчилсөн. Тиймээс төслийн хүрээнд Чехийн санхүүжилтээр утаа мэдрэгчтэй 500 гаруй шинэ янданг суурилуулсан. Энэ сард бид хэрэглэгч нартайгаа хамтран уг системийн үнэлгээг хийхээр төлөвлөөд байна. Учир нь уг технологи нь яндангаас гарах утааны хэмжээг 30 хувиар бууруулах ёстой юм. Гэр хорооллын оршин суугчдын аюулгүй байдлыг харгалзан нэмэлтээр утаа мэдрэгч суурилуулах шаардлагатай болсон. 

Сургууль дээр эсвэл хаа нэг газар надаас хэн нэгэн агаарын бохирдлын талаар асуухад "Тэгвэл үүний эсрэг дор бүрнээ ямар нэгэн алхам хийе" гэж би хэлдэг. Жишээлбэл, дандаа биш ч би ажил руугаа алхаж, зарим уулзалт руу машингүй явахыг хичээдэг. 

-Чехүүд шинэ жил, зул сарын баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Зул сарын баярын тухайд, Чехийн ихэнх хүн ам шашин шүтдэггүйг эс тооцвол зул сар бол Христийн шашинтны баяр юм. Тиймээс манай улсын Христийн уламжлалаас үүдсэн олон зан заншил байдаг бөгөөд бид сүлд модоо ихэвчлэн зул сарын өдөр бүр чимэглэдэг. Учир нь бид сүлд модоо үргэлж шинэлэг байлгахыг хүсдэг. Зул сарын өмнөх орой нь бяцхан Есүс хүүхдүүдэд зориулж бэлэг авчирдаг хэмээн үздэг. Баярын уламжлалт хоол бол капр (шарсан мөрөг загас), төмсний салат, болон загасны шөл юм. Мөн эрт үед  Зул сарын өмнөх өдөр юм идэхийг Сүм хатуу хориглодог байсан учраас тухайн өдөр нь юм иддэггүй заншил байдаг. Капр /мөрөг загас/ нь их өвөрмөц онцлогтой, учир нь ванны өрөөний онгоцыг усаар дүүргэн загасаа хийгээд, дараа нь хүмүүс оройн хоолоо бэлдэх ёстой.

Мэдээж Зул сарын болон Шинэ жилийн баяр бол дэлхийн хаана ч гэр бүл, найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ тэмдэглэдэг баяр. Баярын өдөр гэрийнх нь хажуугаар явж байгаа хэн нэгнийг аль эсвэл ганцаараа байгаа нэгнийг таваг дүүрэн хоолоор дайлдаг сайхан уламжлал зарим гэр бүлд бий. Мөн гадаа ганцаараа сууж байгаа нэгэн, ганцаараа амьдардаг хөршөө дуудан урьж хамтдаа хооллодог. Энэ бол маш сайхан уламжлал юм.

Шинэ жилийн орой бид гэр бүлээрээ тусгай аргаар чимэглэсэн хачиртай талх идэнгээ телевизээр баярын нэвтрүүлгүүдийг үздэг. Энэ зуур гадаа хүмүүс салют буудуулж, тусгай арга хэмжээнүүд болдог. Харин нэгдүгээр сарын 1-нд  зурагтаар хүмүүс шинэ жилийн баярын үг хэлж,  хүмүүс бие биенийдээ зочилж, ирж буй шинэ оны зорилтоо дэвшүүлдэг.

-Бидэнтэй цаг зав гарган ярилцсанд баярлалаа
-Та бүхэнд мөн баярлалаа.

Эх сурвалжийг http://gogo.mn/r/nylm9 -ээс харна уу.