монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Элчин сайдын Өнөөдөр сонинд өгсөн ярилцлага

Элчин сайд Ийржи Бродскийн 2019 оны 4-р сарын 11-ний өдөр Өнөөдөр сонинд өгсөн ярилцлагыг танилцуулж байна. 

1. Та Монгол Улсад эх орноо төлөөлөн Элчин сайдаар томилогдоод  хоёр жил болж байна. Монголд ирэхээс өмнөх төсөөлөл тань өнгөрсөн хугацаанд өөрчлөгдсөн үү. Манай орныг хэр таньж мэдэв?

Монгол Улсад ирэхээсээ өмнө би 14 жил дипломат алба хашиж байлаа. Үүнээс 10 жилийг нь БНЧУ-ын  Ерөнхийлөгч байсан Ваацлав Клаусын тамгын газарт гадаад бодлогын чиглэлээр ажиллаж ирсэн. 2006 онд Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлахад миний бие дагалдан ирж байсан. Тэр үеэс хойш танай улсын эдийн засаг ихээхэн өсөж, ардчилал болон зах зээлийн эдийн засагт шилжих замаа олсон байна. Манайд ч ялгаагүй бүх зүйл төгс биш ч гэсэн тухайн цаг үетэйгээ харьцуулж үзэх нь сайн бөгөөд цаашдаа бүгд эерэг чиг хандлагатай явахыг би олж харж байна. Чехословак улсын анхны Ерөнхийлөгч Томаш Гарриг Масарик “Бидний ардчилалд дутагдалтай зүйл байвал ардчиллыг давж гарах биш, дутагдлыг даван гарах ёстой” хэмээн хэлсэн байдаг. Элчин сайдын албаа гүйцэтгэн, өнгөрүүлж буй хоёр орчим жилийн хугацаанд би Монгол Улсыг өөрийн оршин тогтнол болон уламжлалыг хадгалж ирсэн, гайхамшигтай байгальтай нөхөрсөг харилцаатай  орон болохыг олж мэдсэн. Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг бид  ирэх жил тэмдэглэнэ. Олон жилийн сайхан харилцааны үр дүнд монгол болон чех ард иргэд бие биедээ их ойрхон, амьд харилцаатай байдаг юм.

 

2. Монголд суугаа Чех улсын Элчин сайдын хувьд Та хоёр орны нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?

Энэ онд бид хоёр талын төрийн өндөрлөгүүдийн айлчлал, консулын зөвлөлдөх уулзалтуудыг үргэлжлүүлэхээс гадна Реадмиссийн болон Нийгмийн хамгааллын хэлэлцээр, боловсрол, соёлын гэрээнүүдэд гарын үсэг зурахад бэлэн болоод байна.

Миний хувьд худалдааны харилцааг хөгжүүлэхэд илүү анхаарал тавьж ажилладаг. Яагаад гэвэл, одоогийн байдлаар хоёр орны хоорондын худалдааны жилийн эргэлтийн хэмжээ 16 сая ам.доллар байгаа нь боломжит потенциалд хүрэхгүй үзүүлэлт юм. Өнөөгийн Чех улсын гадаад худалдааны 83 хувь нь хөгжсөн зах зээлийн эдийн засагтай орнуудтай, үүнээс 75 хувь нь Европын Холбооны улсуудтай хийж байна. Тиймээс эл харилцааг Азийн болон Монголын зах зээлд хөгжүүлэх хүсэлтэй байгаа билээ. Жил бүр Чехийн эдийн засгийн танхимтай хамтран Монгол Улсад бизнес айлчлал зохион байгуулдаг бөгөөд үүнд оролцох сонирхолтой чех компаниуд нэмэгдсээр байгаа юм. Энэ оны хувьд үүнийг ирэх зургадугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн. Бид эрчим хүч, хөдөө аж ахуй, хүнс боловсруулах, барилга, уул уурхай, дэд бүтцийн хөгжил гэх мэт чиглэлээр тусалж дэмжихээс гадна “Шкода” авто машин, “Батяа”, “Татра”, “Плзнер уркүэлл”, “Тесла” гэх мэт Чехийн брэндүүдийг буцаан авчрах тал дээр ажиллаж байна.

Энд би мөн боловсролын салбарын талаар яримаар байна. Монголчууд Чехийн улсын сургуулиудад чех хэлээр үнэ төлбөргүй суралцах боломжтой. Үүнээс гадна манай Засгийн газраас жил бүр 12 төрлийн тэтгэлэг болон слав судлалын  зуны сургалтын гурван квот  олгодог. Харамсалтай нь, сонгогдсон монгол оюутнууд сүүлийн мөчид эдгээр авсан тэтгэлэгүүдээ цуцалдаг цаашлаад хүлээн авах сургууль руугаа ч ханддаггүй байдал нь тэдгээр тэтгэлгийг хогийн сав руу шидсэнээс ялгаагүй болгож байгаа нь том асуудал юм.

 

3. Манай хоёр орон геологийн салбарт эртнээс хамтарч ирсэн түүхтэй. Танай улсаас энэ салбарт олон судалгаа, төсөлд санхүүгийн тусламж үзүүлсээр ирсэн. Өнөөгийн байдлаар Монголд Улсад ямар төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна вэ. Цаашид аль салбарт хамтран ажиллах боломж байна гэж хардаг вэ?

Монгол Улсад геологийн алба үүсэж, хөгжсөний 80 жилийн ой энэ жил тохиож буйтай  холбоотойгоор Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд чехийн геологичдод ирэх аравдугаар сард болох баярын хуралд оролцох урилга илгээсэн. Одоогоор бид тэдгээр хүнтэй холбогдох хаягийг тодруулж жагсаалт гаргаж байна. Чехийн геологичдын ажилтай уялдуулан хөгжлийн төслүүдийг уул уурхайн салбар, бохирдол арилгах чиглэлээр, түүнчлэн Шарын голд Чехийн ойчдын чухал төсөл хэрэгжүүлж буй. Энэ жилийн хөгжлийн төслүүдийг Сибирийн тул хамгаалах, сүү боловсруулах (чех технологи нийлүүлэх) Чехийн компанид үйлдвэрлэсэн Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах яндангийн тусгай төхөөмжүүдийг нийлүүлэхэд чиглүүлж байна. Мөн Прага хотын амьтны хүрээлэнгийн тахь  нутагшуулах төслийг ес дэх жилдээ үргэлжлүүлнэ. Амьтны хүрээлэнгийнхэн өөрийн үйл ажиллагааг өргөжүүлж, говийн А бүсэд дараагийн ховордсон амьтдыг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа юм. Прага хотын зөвлөлөөс дээрх төслүүдэд хандив өргөх болсон. Амьтны хүрээлэнгийн (тус амьтны хүрээлэнг жилд ойролцоогоор 1.5 сая хүн үздэг) тасалбар бүрээс 340 төгрөгийг үүнд хандивлахаар шийдвэр гаргасан. Мөн БНЧУ-аас өртөг багатай хоккейн заалны техник, эдийн засгийн үндэслэлийг санхүүжүүлэн боловсруулж өгсөн. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү чехийн хоккейн тамгыг Улаанбаатар хотын захиргаанаас ашиглах байх хэмээн найдаж байна.

Цаашдаа бид Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлсэн төслүүдтэйгээ уялдуулан ой, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчны (ялангуяа усны аж ахуй) хот төлөвлөлт, дэд бүтцийн хөгжил, түүнчлэн иргэний нисэхийн салбаруудад ажиллах хүсэлтэй. Эдгээр төсөлд Европын Холбоо, Европын сэргээн босголтын банкны санхүүжилтийн эх үүсвэрийг (БНЧУ-ын зүгээс уг санхүүжүүлэлтэнд ихээхэн хэмжээний санхүүгийн хандив өгдөг) ашиглахад төвлөрөн ажиллаж байна.

 

4. Шенгений виз мэдүүлэх төвтэй болсноос хойш танай ЭСЯ-ны ачаалал эрс нэмэгдсэн нь ойлгомжтой. Үүнээс гадна БНЧУ-ын Засгийн газрын шийдвэрийн дагуу жилдээ Монголоос ажил эрхлэлтийн карт авах 1000 хүний материалыг ЭСЯ-аараа дамжуулан авч байгаа гэсэн. Өдгөө Чех улсад 10 000 гаруй монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа гэсэн судалгаа байна. Хэдий тийм ч танай улсыг зорих хүсэлтэй монгол иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж буй. Цаашид энэ тоог өсгөх боломжтой юу?

Шенгений богино хугацааны визийн материал авах Ви Эф Эс төвийг нээж ажиллуулсан нь бидэнд тустай байгаа нь эргэлзээгүй. Бүртгэлгүйгээр шууд ирэх, эсвэл аливаа нэгэн хуурамч зуучлагчгүйгээр цахимаар тодорхой цаг авсны үндсэн дээр визийн мэдүүлгийг  очиж өгөх боломжтой болсон. Өргөдлийн тоонд ямар нэгэн квот тогтоогоогүй. Ажлын картны хувьд Чехийн Засгийн газар шийдвэр гаргадаг. Хэрэв Засгийн газраас тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргавал манай ЭСЯ түүнийг гүйцэтгэхэд бэлэн байна. Тавдугаар сараас эхлээд манай ЭСЯ хүний нөөцөө нэмэгдүүлнэ. Тэр хэрээр Монголд зориулсан горимоос гадна ажлын карт хүсэгч 300 орчим хүний бүртгэлийг утсаар хийх боломжтой болно гэдгийг хэлэх байна. Миний хувьд чухал даалгавар бол монгол иргэдийг эх оронд нь ажиллуулах боломжийг олгох  чехийн хөрөнгө оруулалт, ухаалаг шийдлийг нэвтрүүлэх хэрэгтэй хэмээн харж байгаа. Жишээлбэл, чехийн “Хаанзаа” компани цэвэрлэх байгууламж, “Финеп” компани Орхон аймагт орон сууцны барилга барьсан шиг ийм төрлийн төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалт хийхэд монголчуудыг хамран оролцуулах зэрэг юм.

 

5. Өмнөх Элчин сайдынхаа хийж байсан ажлаас үргэлжлүүлж буй ямар ажил байна вэ?

Гол төлөв олон нийтийн дипломацийн чиглэлээрх ажлуудыг нь үргэлжлүүлж байна. Мөн Монгол Улсад Чехийн соёлыг сурталчлах тал дээр анхаарч ажиллаж буй. Элчин сайдын яамнаас энэ жил ч “Ай синема”-д  чех киног хоёр сар тутамд монгол хадмал орчуулгатай толилуулах аянаа үргэлжлүүлж байгаа. Энэ жил мөн Европын өдөрт хоёр стэнд авч соёлын арга хэмжээгээр оролцоно. Түүнчлэн хилэн хувьсгалын “The Velvet Revolution” болон төмөр хөшгийг нураасны „The Fall of the Iron Curtain“ 30 жилийн ойд зориулан маш сайхан арга хэмжээ бэлтгэж байна.

Элчин сайдын үүрэг бол менежерийн үүрэг гэсэн үг. Монголд хийж байгаа ажил маань өмнө нь Дани улсад гүйцэтгэж байсан Элчин сайдын ажилтай адилхан юм. Тэгэхээр би  баг хүмүүсийг удирдаж, яамны үйл ажиллагааг шийдвэрлэж, бидэнд хамаарах мэдээллүүдийг илгээх, монголчуудтай харилцах харилцааг хөгжүүлэх /үүний тулд бид энд байгаа/, түүнчлэн Монгол Улсад суугаа бусад орны Элчин сайдуудтай болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчидтэй сайн харилцаа, холбоогоо ч анхаарч ажиллах хэрэгтэй.  Мөн миний  хувьд яамны маань барилгын үзэмж, түүн дотор ажиллаж байгаа ажилтнууд болон энд зочилдог хүмүүсийн  тав тухтай байдалд анхаарах нь чухал. Тийм ч учраас бид энэ жил “Скай плаза”-гийн эзэдтэй хамтран харуулын барилгыг шинээр (консулын үйлчилгээ авах иргэдийг  гудамжинд хүлээхгүйн тулд) бариулсан. Мөн ЭСЯ-ны байрны өрөөнүүдийг өөрчилж байна.  Улс төрийн хэлтэс маань “Скай плаза”-гийн шинэ өрөөнүүдэд нүүж орж, Консулын хэлтэс одоогийн энэ байрандаа суурьших юм. Жил хагасын дараа миний оронд ирэх Элчин сайд  Улаанбаатарт дипломат алба болон ажиллах орон зайдаа ямар нэгэн саад бэрхшээлгүй байлгахын тулд энэ бүгдийг хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл, түүнд өөрийн зүгээс эхлүүлсэн сайн ажилтай буухайг хүлээлгэн өгөх юм.